Их Британийн гүнгийн авхай Кейт Миддлтоны бараг өмссөн хувцас бүр дэлгүүрүүдээр өндөр эрэлттэй зарагддаг. Тийм ч учраас түүнийг ашиглан хувцасны бизнесээ өргөжүүлэх гэсэн Кардашианыхан гүнгийн авхайд хувцасныхаа дээжээс илгээж, үдийн цайнд урьсан байна. Гэвч Кардашианы санал болгосон алаг эрээн, ил задгай хувцаснаас илүүтэй албан ёсны, даруухан, дээд зэрэглэлийн хувцас хэрэглэл сонгодог гүнгийн авхай Кэтеринд энэ бэлэг таалагдаагүй бололтой. Хувцаснуудыг нь буцаан илгээжээ.
Кардашианы гэр бүлийнхэн “Kardashian Kollekstion” хэмээх нэрээр загварын ертөнцөд хөл тавьж, саяхан Их Британид дэлгүүрээ нээсэн юм. Хэрэв тэдний шинэ коллекциос ядаж ганцыг гүнгийн авхай өмсвөл дэлгүүрийн орлого нь огцом нэмэгдэх магадлалтай. Гэвч тэдний энэ аргыг, мөн хийсэн хувцсыг нь ч гүнгийн авхай таашаасангүй. Гэхдээ энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “Тэрээр хувцасны тал дээр хэн нэгэн стилистээс зөвлөгөө авдаггүй, ерөөсөө бусдын бэлэглэсэн хувцсыг ч өмсөхгүй гэсэн зарчим баримталдаг” учраас Кардашианы бэлгийг буцаасан хэмээн мэдэгджээ.