Манай дэлхий өдрөөс өдөрт даяарчлагдаж хүн төрөлхтний аялал жуулчлал, улс орон газар нутаг үзэх сони рхол улам бүр нэмэгдэж байна. Олон хүн амралтаа сайхан өнгөрүүлэх гэж энэ дэлхийн хамгийн сайхан улс орон, газар хаана байна хэмээн эрж хайдаг болсон. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын бизнес аль ч улс оронд цэцэглэн амралт сувиллын газрууд шил шилээ дараан, хаяаа хаяагаа дэрлэн нэмэгдсээр байна.
Гэхдээ аятай сайхан амарч зугаалмаар байвч зарим улс орон, газрууд амрахаасаа эсэн юм болохоор байх нь бий. Байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, өлсгөлөн, эмнэлэг сувиллын ямар ч үйлчилгээгүй гээд юу эс тохиолдох билээ.
Сайхан амарч аялж зугаалах гэсэн биш амь нас эрүүл мэндээрээ хохирсон олон жишээг манай гаригийн улс орны хүн мэдэх билээ. Үзэх юм ихтэй ч амь насанд аюултай 10 чиглэлийг нэрлэж байна. Монголчууд очоогүй улс орон, газар нутаг энэ дэлхийд байхгүй гэдэг. Гэхдээ болгоомжтой байх нь юунд илүүдэх билээ.
1.Ливи
Эртний дурсгал түүх ихтэй ёстой л аялж зугаалж баймаар орон. Турк, Египетийг бодвол жуулчдад зориулсан нэг их онгцой зүйлгүй ерийн л нэг улс. Энд Сабрата, Лептис-Магна, Кирена гээд эртний хотын туурь бий. Мөн Зевс бурхны маш сайн хадгалагдаж үлдсэн сүмийг үзэж болно.
Ганцхан омог аймгуудынх нь дунд олон жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн жуулчдад хамгийн их аюул учруулж мэдэх газар. Түүнээс гадна энд халуунаас болоод юм уу, ямар нэгэн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй мөнх бусыг үзэж магадгүй. Аль талынх нь мэдэгдэхгүй нөхөд гарч ирээд шууд буудаж ч мэдэх, эсвэл барьцаанд аваад их хэмжээний мөнгө нэхэж ч мэдэх газар. Аягүй бол тэнэсэн суманд оногдохыг ч үгүйсгэхгүй.
2.Гаити
Төв америкийн энэ орон бол гайхамшигтай газар. Эспаньола арал дээр Доминиканы бүгд найрамдах улсын зэргэлдээ орших уулсын эх орон жинхээн аялж жуулчилж баймаар газар. Гэтэл энд байнгын зэвсэгт мөргөлдөөн, газар хөдлөлт, холер өвчин гарна. 2010 онд болсон газар хөдлөлийн үеэр 300 орчим мянган хүн амиа алдаж байсан. Ядуурал газар авсан болохоор дээрэм тонуул их, тэгээд хаанаас ч холерын халдвар авч мэднэ. 250 орчим мянган хүн холерын халдвар авч 5000 хүн нас барж байсан газар шүү дээ.
3.Сомали
Африкийн зүүн эрэг дагуу хамгийн урт үргэлжлэн тогтсон болохоор далайн эргийн наранд шарлагын газар олон. Энд үзэсгэлэнт уулс, ардын уламжлалт тансаг сайхан хоол гээд үзэх зүйл их. Гэвч 1991 онд эхэлсэн дотоодын үймээн, иргэний дайн нь жуулчдыг түгшээдэг газар. Энэ дайнаар тус улсын хагас сая хүн амиа алдаад байгаа юм шүү дээ. За тэгээд үүнээс болсон өлсгөлөн газар авсан нь аймаар. Иргэний дайны эхний ганцхан жилд гэхэд л 300 мянган хүн амь алдаж байсан баримт бий. Одоо бол XXI зууны далайн дээрэмчний өлгий болоод байгаа улс.
4.Венесуэл
Манайхны сайн мэдэх “Халтар царайт”-ын нутаг. Энд дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ Анхель байгаа. Ер нь байгалийн үзэсгэлэнт нутаг. Даанч АНУ руу өдөр шөнөгүй аюулт бараа “кокайн”-аа гаргаж байдаг хар тамхины наймаачдын “боомт”-ууд хаа сайгүй. Энэ бол аялал жуулчлалаас хамаагүй их орлого олдог болохоор жуулчдыг өрөвдөнө гэж байхгүй. Хэн нэгэн алагдлаа гэхэд эзэн хобогдогчгүй аллагаараа дэлхийд хоёрт ордог энэ улсад цагдаагийнхан бүртгэж авахаас хэтрэхгүй.
5.Бразил
2016 онд зуны олимп болох энэ улс угаасаа л жуулчдын сонирхлыг наранд шарлагын газар, уламжлал болсон өнөөх гайхамшигт багт наадам бүжгээрээ татдаг. Яахав Сомали, Ливийг “энэ бол Рио-де-Жанейро биш. Түүнээс ч дор байна” гэж болох. Гэхдээ Рио-де-Жанейрод очсон бол “Энэ чинь Франц биш шүү дээ” гэж ямагт бодож байх хэрэгтэй. Энд гэмт хэрэг гэж аймаар. Нэг үгээр хэлбэл амарч болно, гэхдээ өөрөө өөрийгөө ямагт хянаж болгоомжтой байхгүй бол дээрэмдүүлэх бол юу ч биш, бүр алуулж ч мэдэх газар.
6.Ирак
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг эртний Багдад. Хүн төрөлхтний түүх болсон эртний хөшөө дурсгал элбэг. Өнөө л эртний Багдад, Аккад, Ассир, Вавилон чинь энд л бий. Харамсалтай нь Иракын дайнаас хойш энд очих аргагүй болж дайн тулаан үргэлжилсээр. Жуулчны виз өгөхөө больж явах бол хууль бусаар л зорчино. Гэхдээ л өдөр өнжихгүй буудалцаан болж хүн хулгайлдаг тийм газар очно шүү дээ.
7.Зимбабве
Му Гай бе буюу бидний “Муу гай вэ”-гийн улс. Уг нь байгалийн үзэсгэлэнгээрээ бол яахын аргагүй очиж үзмээр, аялж зугаалмаар нутаг. Алдарт Викториягийн хүрхрээ энд бий. Хамгийн аймаар нь үргэлжийн дайн самуун, энд тэндгүй минэжүүлсэн зам талбай л таныг угтана даа. “Мөн ч сайхан газар юм аа” гээд давхиж явтал чинь л өлмий дороос чинь минэ панхийж мэдэх газар.
8.Өмнөд Африкийн бүгд найрамдах улс
Өндөр хөгжилтэй энэ улсад сайхан амарч болно оо. Гэхдээ соёл иргэншилтэй газруудыг нь сонгохгүй бол болохгүй. Халуун орны халдварт өвчнөөс гадна, авто замын ослоороо дэлхийд дээгүүр ордог улс. Хажуугаар нь гудамжны гэмт хэрэг харьцангуй өндөр. За тэгээд хөдөөгүүр явахдаа мэргэжлийн сайн хөтөчтэй явж заавар зөвлөгөөг нь сайн дагаж байхгүй бол юу ч тохиолдож мэдэх газар.
9.Пакистан
Гималай, Гиндукуш, Каракорум уулсын бэл хормой энэ улсад дэлхийн дээвэр Эверестийн дараа ордог 8611 метр өндөр Чогори оргил бий. Ер нь үнэхээр очиж үзмээр орон. Харамсалтай нь бие биедээ дайсагнасан алан хядагч бүлэглэлүүд газар сайгүй. Нутгийнхан нь ч тэдэнтэй холбоо сүлбээтэй. Европ төрхтэй хүн харах л юм бол хардаж сэрдэж, ер нь таагүй хандана шүү.
10. Эверест
Дэлхийн дээвэр 8848 метр өндөр энэ уул Балба, хятадын төвдийн хил дээр оршино. Ууланд авирах дуртай хүмүүсээс энэ хоёр улс аль аль нь их хэмжээний мөнгө саадаг. Гэхдээ энд шөнөдөө -60 градус хүйтэрч салхины хүч 55 метр секунд ч хүрч мэднэ. Жил бүр энэ оргилд аврихаар 500 орчим уулчин энд ирдэг. 1953 оноос хойш 4000 орчим хүн авирахаар оролдсон ч 200 нь энд амиа алдаж хавцал дунд мөнх нойрссон баримт бий. Энэ оргилд авирахад мэргэжлийн уулчин хоёр сарын хугацаа зарцуулж дунджаар 15 кг жин хасдаг байна.