Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рован Аткинсон: Мистер Бин гэж гарын үсэг зурахдаа дуртай

Мистер Биний дүрээрээ дэлхий дахинаа танил болсон жүжигчин Рован Аткинсон хувийн амьдралаа чандлан нууцалдгаараа алдартай нэгэн. Ямар сайндаа л түүний эхнэр бие давхар болсоныг найзууд нь төрөх эмнэлэгт очсон хойно нь мэдсэн гэдэг. Хувийн амьдралаа нийтэд дэлгэх дургүй учраас заримдаа найзууддаа хүртэл хаалттай ханддаг тэрээр хэдэн хүүхэдтэй гэдгээ ч сэтгүүлчдэд хэлэхээс татгалзаж байсан удаатай.  Гэхдээ түүний хувийн амьдралын тухай мэдээллийн зах зухаас сонирхвол ноён Аткинсон 100 гаруй сая ам.долларын хөрөнгөөрөө Британийн телевизийн одуудаас хамгийн баян чинээлгийнх нь тоонд ордог байна. Тэрээр спорт машинд хорхойтой, чамгүй цуглуулгатай гэнэ.  Түүний эхнэр нь нүүр будагч мэргэжилтэй бөгөөд 1990 онд киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэд хүү, охин хоёртой.
Рован Аткинсон мэргэжлийн жүжигчин биш боловч 10 гаруй настайдаа жүжиглэх авьяастай гэдгээ олж нээжээ. Гэхдээ аав нь их хатуу чанга хүн байсан учир тэрээр их сургуулиа төгссөний дараа л урлагт хөл тавьсан байна. Р.Аткинсон НьюКэслийн их сургуулийг цахилгааны инженерээр төгсөөд удаагүй байхдаа зохиолч, найруулагч Ричард Куртистэй танилцсанаар хошин шог урлагтай амьдралаа холбожээ. Тэд хожим нь “Мистер Бин” цувралыг хамтдаа хийсэн юм.  Ингээд түүний хэвлэлд өгсөн ховорхон ярилцлагуудаас нь Мистер Биний тухай юу гэж ярьж байсныг нь сонирхуулъя.

-Та хэзээнээс Мистер Бин шиг нүүр амаа хөдөлгөж сурсан бэ?
-20 гаруй настай байхдаа. Тэр үед Оксфордод ирээд удаагүй байлаа. Цахилгааны инженерийн мэргэжил эзэмшчихээд, Оксфордод суралцахаар ирээд бараг сар болоогүй байсан юм. Намайг багаасаа сургуулийнхаа жүжигт тоглодог, театрт сонирхолтой байсан гэдгийг Оксфордын театрынхан мэдээд жүжгийн зохиолын хар ноорог бичээч гэдэг санал тавьсан л даа. Амьдралдаа хэзээ ч тэгж зохиол энэ тэр бичиж үзээгүй болохоор яавал хошин харагдаж, хүмүүсийг инээлгэх вэ гэдгийг өөр дээрээ туршиж эхэлсэн. Толинд харж байгаад нүүрээ нэг сунгаж, нэг үрчийлгэж янз бүр болгож үзлээ. Энэ нь надад их хөгжилтэй байсан л даа. Тэр үеэс л Мистер Биний дүр төрх, ааш аягийг өөртөө бага багаар нээж эхэлсэн байх.  
-Та бодит амьдрал дээрээ ч Мистер Бин шиг хөгжилтэй хүн үү. Эсвэл зөвхөн тайз, дэлгэцэн дээр л тийм байдаг уу?
-Мэдээж, тайзан дээр, камерын өмнө л тийм байна шүү дээ. Харин амьдрал дээр бол би жирийн л хүн. Магадгүй бага сургуулийн ангийнхан дундаа хамгийн хөгжилтэй хүүхэд нь би байсан байх.
-Мистер Биний кино зохиолыг гаргахад таны санаа хэр зонхилох байр суурийг эзэлдэг вэ?
-Зохиолын гол санаа, сценарийг би өөрөө гаргадаг. Би зохиолч биш. Гэхдээ Мистер Бинийг ямар ч зохиолчоос илүү мэднэ. Тиймээс тэр ямар байх ёстой вэ гэдгийг толгойдоо зураглаад, түүнийгээ  зохиолчид хэлж бичүүлдэг юм.  Ноорог гаргаж бичихийн оронд ингэнэ, тэгнэ гэж жүжиглэж үзүүлэх нь зохиолчдод илүү дөхөм байдаг. Гэхдээ миний хэлэх гэсэн санааг ойлгож, баяжуулж чадах авъяастай зохиолч олоход амаргүй байдаг.
- “Мистер Бин”-ийг яагаад бүрэн хэмжээний кино хэлбэрээр биш, цуврал маягаар хийсэн юм бэ?
-Анхандаа Бинийг цуврал болгохоор төлөвлөөгүй байсан юм. Гэхдээ үзэгчдийн хүсэлт хүлээлт байнга урган гарч байсан учраас үргэлжлүүлсээр байгаад цуврал болсон. Үндсэндээ Мистер Биний цуврал дээр найман жил ажиллалаа.
-Мистер Бин дандаа л бүтэлгүйтэж явдаг. Түүнээс болж та бэртэж гэмтсэн удаа бий юу?
-Нэг л удаа бэртэл авсан. Мистер Бин нэг анги дээрээ нацист ёсолгоо хийж, гараа өргөдөг хэсэг байдаг. Тэр ёсолгоог бэлдэх гэж байгаад мөрөө мултаж байсан.
-Мистер Бин шиг хачин этгээд хүний дүрийг бүтээх хэцүү юу?
-Мистер Бинд тоглох хэцүү биш. Түүний дүрд тоглохдоо би дандаа дуртай байдаг. Яагаад гэвэл би түүнийг маш сайн мэднэ. Түүний хачин үйлдлүүд, өөрөө өөртөө үйлчилдэг зан нь надад таалагддаг. Тэр яг хүүхэд шиг.
-Амьдрал дээр бол хүмүүс Мистер Бин шиг хүнээс холхон явахыг л бодно доо. Гэтэл хүмүүс яагаад түүнийг үзэх тийм дуртай байдаг юм бол. Мистер Бин амжилтанд хүрсэн шалтгаан нь юу вэ?
-Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт тэр яг хүүхдээрээ, маш гэнэн. Түүний бүтэлгүйтэл нь тэнэг мулгуу зангаас биш харин гэнэн итгэмтгий байдлаас л үүддэг. Тийм болохоор түүний хүүхэд зан хүмүүст таалагддаг. Хоёрдугаарт, Мистер Бинд ямар нэг зүйлийг хийж болохгүй гэсэн зааг хязгаар байдаггүй. Юуг ч хийж үзэх хүсэл зориг түүнд байдаг. Тэр нийгмийн тогтсон хэв маягт баригдаад сууж байдаг жирийн нэг хүн биш. Энэ зан нь үзэгчдийг бас татдаг байх.
-Мистер Биний цувралуудыг бүхэлд нь нэг кино гэж тооцвол та тийм ч олон кинонд тоглоогүй. Яагаад?
-Би жүжиглэх дуртай. Гэхдээ кинонд зураг авахуулах дургүй. Киноны зураг авах үйл явц надад үнэхээр төвөгтэй, хэтэрхий цаг зав, зардал мөнгө шаардсан ажил юм шиг санагддаг.  Нөгөө талаар хүнийг инээлгэх бизнес гэдэг чинь өөрөө маш стресстэй, хүнд хэцүү ажил. Хэрэв кинонд өөр жүжигчинтэй хамт тоглож байгаа бол хоорондоо ярилцаад, ингэж тэгж хийе гээд санал солилцож болно. Гэтэл киноны бараг бүх л хэсэгт ганцаараа жүжиглэнэ гэдэг бүхий л хариуцлагыг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг.
-Таны жүжигчний карьер бүхэлдээ хошин инээдмийн төрлөөр дагнасан байдаг. Үүнээс өөр, жишээлбэл драмын дүрд тоглохыг хүсдэг үү?
-Хошин инээдмийн төрлөөс өөр дүрд тоглох тухай бодож байгаагүй. Гэхдээ миний өмнө тоглосон дүрүүд бүгдээрээ хошин биш шүү дээ. “Johnny English” киноны тагнуулчийн дүр гэхэд жирийн л нэг хүн шүү дээ. Тэр уг нь их ухаалаг хүн боловч хийсэн үйлдэл нь дандаа бүтэлгүйтээд байдаг. Тийм болохоор л хүмүүс түүнийг хошин дүр гээд хүлээгээд авчихдаг.    
-Таныг хүмүүс жүжигчин Рован Аткинсон гэхээс илүүтэй Мистер Бин гэж хүлээж авдаг нь ямар санагддаг вэ?
-Сэтгүүлчид намайг телевизийн ярилцлагад урихдаа Мистер Бин шиг яриулахыг хүсдэг. Бас үзэгчид, хүмүүс гарын үсэг зуруулахдаа Рован Аткинсон гэж биш Мистер Бин гэж бичүүлэх дуртай байдаг. Гэхдээ энэ бүхэн надад надад таалагддаг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан