Сүүлийн үед барилгыг яагаад ч юм зөвхөн өндрөөр нь хэмжээд байдаг болж. Тэгвэл барилга л юм болохоор дотор нь хүн ажиллаж хөдөлмөрлөх, хөдлөх зай байх ёстой. Тэгэхээр барилга, байшинг багтаамжаар нь, талбайгаар нь бас хэмжиж байр эзлүүлэх нь зөв. Ингээд уншигч танд дэлхийн хамгийн их багтаамжтай 10 байгууламжийг танилцуулж байна.
Дубай дахь олон улсын нисэх буудлын зорчигчдод үйлчлэх тэнхим
Дэлхийн хамгийн их багтаамжтай барилга бол Дубай дахь олон улсын нисэх буудлын зорчигчдод үйлчлэх гурав дахь тэнхим юм. 4.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон энэ барилга 2008 онд ашиглалтанд орсон бөгөөд 1.5 сая ам метр буюу 150 га талбайтай. Ийм хэмжээг төсөөлөхөд ч бэрх. Төсөөлөхийн тулд харьцуулах хэрэгтэй. Нэгэн зэрэг сая хүн багтаах боломжтой дэлхийн хамгийн том талбай гэгддэг Бээжин дэх Тянь ань мэний талбай нь 440 мянган ам метр талбай эзэлдэг гэхээр энэ нисэх буудлын зорчигчдын тэнхим ямар их талбай эзэлдэг болохыг багцаалдаарай. Энэ тэнхимд 82 ширхэг урсдаг зам, 97 урсдаг шат, 157 ширхэг лифт тасралтгүй ажиллаж зорчигчдод үйлчилж байдаг.
Голландын Алсмер хот дахь цэцгийн зах
Голландын Алсмер хот дахь цэцгийн зах бол эзэлдэг талбайгаараа дэлхийд хоёрт ордог том барилга юм. Энэ зах 990 мянган ам метр талбай эзэлдэг бөгөөд дэлхийд хоёрт ордог ч Европтоо нэгд жагсдаг. Өдөр болгон энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн саяар тоологдох цэцгийн баглааг зарж борлуулж байдаг. Нарийвчилбал энд өдөр болгон 20 сая цэцэг зардаг ч Гэгээн Валентины өдөр г.м. баяр ёслолын үеэр зарагддаг цэцгийн тоо ширхэг 10 хувиар нэмэгддэг. Цэцгийн зах дээр үнийг буулгах байдлаар дуудлага худалдаа явуулна. Хэт хямд авах гэвэл өөр хүн өрсөөд авчихна, хэт эрт авбал өндөр үнээр аваад ашиг багатай борлуулна. Ийм олон сая цэцэг зарагдаж байдаг гэхэд худалдан авсан цэцгийн бичиг баримтыг компьютерууд 10-15 минутын дотор бөглөөд цагийн дараа гэхэд цэцгээ гар дээрээ авах боломжтой.
Бээжингийн олон улсын нисэх буудлын зорчигчдын гурав дахь тэнхим
Бээжингийн олон улсын нисэх буудлын зорчигчдын гурав дахь тэнхим нь 986 мянган ам метр талбайгаар хамгийн багтаамжтай барилгуудын гуравт нь ордог. Энэ тэнхимийг 2008 онд болсон Бээжингийн Олимпын үзэгч, тамирчид, жуулчдыг хүлээн авах зорилгоор барьсан бөгөөд 3.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэнхимд Бээжингийн төвөөс метрогоор шууд ирэх боломжтой. Газар дээр гурван давхар, газар дор хоёр давхар гээд нийт таван давхар байгууламж. Хятад, европ гээд дэлхийн бараг л бүх үндэстэн ястны хоолоор үйлчилдэг 72 зоогийн газартай.
Макао дахь Венеци нэртэй зочид буудал ба казиногийн цогцолбор
Азийн мөрийтэй тоглоомын төв гэгддэг Макао дахь Венеци нэртэй зочид буудал ба казиногийн цогцолбор. Энэ барилга нь 40 давхар өндөртэй дээд зэргийн тансаг газар. Мөнгөө үрэхээр ирсэн бэл бэлчинтэй хүмүүс олон тасалгаа бүхий 3000 өрөөнөөс дуртайгаа сонгож болно. Ингэж сонгон авсны дараагаар 3400 ширхэг автомат болоод, мөрийтэй тоглоомын 800 ширээний дуртайгаас сонгон тоглож болно. Энэ цогцолбор зочид буудалд хоног төөрүүлэхэд хамгийн хямддаа 180 ам.доллар төлдөг. Дотоод заслаас эхлээд гадаад тохижилт хүртэл бүх зүйлийг Венец маягаар, үнэхээр тансаг хийсэн.
Малайзын Куала Лумпур дахь Бэржая Таймс Сквер
Малайзын Куала Лумпур дахь Бэржая Таймс Сквер нь эзэлдэг талбайгаараа дэлхийд тавд ордог. 700 мянган ам метр талбай эзэлдэг энэ цогцолборыг Америкийн тэнгэр баганадсан барилгуудын хэв маягийг дуурайлган барьжээ. Дотроо таван одтой хоёр зочид буудал, асар том шоппин төв, орон сууц, оффис, амралтын төв гээд бүх л зүйл байдаг болохоор 203 метр өндөр энэ цогцолборыг хот доторх хот гэдэг.
Лас-Вегаст байдаг Палаццо нэртэй зочид буудал
Лас-Вегаст байдаг Палаццо нэртэй зочид буудал ба казиногийн цогцолбор нь 645 мянган ам метр талбайтайгаараа зургадугаар байранд ордог. Цогцолбор 1.8 тэрбум ам.доллараар босчээ. Энэ барилгыг Америкийн автомашин сонирхогчдын холбоо нэртэй нүсэр том байгууллага эзэмшдэг. Энэ холбооны гишүүд нь замд эвдрэл гарвал ойрын засварын газар хүргүүлэхээс эхлээд амь насны даатгал, хүссэн газраа хүрэх хамгийн дөт замын зураг, зочид буудлын өрөө захиалга, машин худалдаж авах гээд асар олон үйлчилгээг авах боломжтой байдаг. Палаццо зочид буудал нь Америктаа нэгд ордог хамгийн тансаг машины дэлгүүртэй гэдгээрээ алдартай.
АНУ-ын Батлан Хамгаалах Яам
АНУ-ын Батлан Хамгаалах Яамны байр гэхээр мэдэхгүй хүн дэлхийд цөөн биз. Пентагон нь эзэлдэг талбайгаараа дэлхийд 7-д ордог том барилга юм. Ингээд ч зогсохгүй дэлхийн хамгийн олон хүн зэрэг ажилладаг оффисын барилга билээ. Пентагонд Батлан хамгаалахын 23 мянган ажилтан, цэвэрлэгч, засварчин, сантехникийн гээд дотоод үйлчилгээний 3000 ажилчин ажиллаж байдаг. Энэ олон хүн өдөртөө 5000 аяга кофе уудаг бөгөөд 234 ширхэг 00-ийн өрөөгөөр үйлчлүүлдэг. Пентагоны гадна хүрээний урт нь 1.5 км урт, газар дээрх таван давхар нь 7754 цонхтой.
Америкийн Тенесси мужийн К-25
Америкийн Тенесси мужийн Оак Рижид байдаг К-25 нэртэй байгууламж нь 60 га талбай эзэлдэг. Энэ барилга нь хүйтэн дайны үеэр уран баяжуулах үйлдвэр байв. Цагтаа энд 12 мянган хүн ажиллаж байсан ч хүйтэн дайн дууссаны дараа хаалгаа барьсан.
Хонконгийн олон улсын нисэх буудал
Хонконгийн олон улсын нисэх буудал нь 570 мянган ам метр талбайтайгаараа дэлхийд 9-рт ордог. Зорчигч болон ачаа тээврийн эргэлтээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог нисэх буудал бөгөөд дэлхийн хамгийн шилдэг гэсэн цолыг олон удаа авч байсан билээ. 20 тэрбум ам.долларын үнэтэй энэ нисэх буудлыг хиймэл арал дээр барьсан бөгөөд 1998 онд ашиглалтанд оруулсан юм.
Бангкок дахь Суварнабхуми нисэх буудал
Дэлхийн хамгийн багтаамжтай барилгуудыг 10-р байранд Бангкок дахь Суварнабхуми нисэх буудал ордог. Энэ нисэх буудлын талбай нь 56.3 га. Дэлхийн хамгийн өндөр буюу 132 метрийн өндөртэй нисэхийн хяналтын цамхагтай гэдгээрээ л онцлог.