“Apple” компани iPad-ынхаа мини хувилбарыг тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. iPad Mini 7,2 мм зузаан, 300 грам жинтэй байх бөгөөд 16 гегабайтын багтаамжтай нь 329 ам.доллараас эхэлж байгаа бол 64 гегатай нь 659 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Apple ийнхүү үнээ тогтоосон нь өрсөлдөгч таблетуудаасаа хавьгүй өндөр байна гэж зах зээлийн шинжээчид хэлж байна. “Apple”-ын iPad-тай өрсөлдөгч Kindle Fire болон Nexus 7 зэрэг таблетууд 199 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
Apple-ийн шинэ бүтээгдэхүүн iPad Mini бол өмнөх таблетын жижигрүүлсэн хувилбар огтхон ч биш, зөвхөн шинэ загвар гэж ойлгох хэрэгтэй хэмээн компанийн удирдлага танилцуулж байна. Урьдчилсан захиалгыг нь энэ баасан гаригаас авч эхлэх iPad Mini-гийн дэлгэц нь өмнөх хувилбаруудтайгаа яг адилхан том хэмжээтэй, камерын хүчин чадал ч ижилхэн гэнэ. Гэхдээ өмнөх таблетуудаасаа нэг давуу талтай нь хүний нэг гарт багтахаар болсон учраас Mini хэмээн нэрлэсэн бололтой.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн үед таблет компьютерийн худалдаа нэмэгдсэнээр персонал компьютерийн борлуулалт жилийн дотор найман хувиар унаад байгаа юм.