Олон ангит кино гэдгийг монголчууд анх Оросын телевизийн сувгуудаас үзэж байсан билээ. Мексикийн телевизийн хэд хэдэн кино 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр гарснаас өнөө хэр нь мартагдахгүй зарим жүжигчний талаар мэдээлэл хүргэе.
“Сайхан төрөх албагүй” гэдэг шиг “баян төрөх албагүй” гэдэг үг жүжигчин Вероника Кастрод тохирох мэт. Тэр бол Мексикийн төдийгүй дэлхийн олон орны танил, хайрлан хүндэлдэг жүжигчний нэг. Өөртөө итгэлтэй, хэнээс хараат бус байх дуртай энэ эмэгтэй энэ сарын 19-нд 60 нас хүрлээ.
Тарчигхан амьдрал, ноорхой хувцас, цадаж байгаагүй ходоодтой хүүхэд насаа Вероника Кастро хэзээ ч мартдаггүй. Ээж нь түүнийг, эгч, хоёр дүүг нь тэжээх гэж нарийн бичгийн багахан цалингаа хүргэх гэж байдгаараа хичээдэг байсныг тэр одоо ч сайн санадаг гэнэ. Хоёр дүүтэйгээ, эгчтэйгээ зөвхөн мөрөөдлөөр амьдарч, нүдээ аниад хэвтэх бүртээ өөрийгөө хөөрхөн болчихсон, хамгаас гоё хувцас өмсөөд фэнүүдээр хүрээлүүлчихсэн байгаагаар төсөөлдөг байсан бяцхан охин энэ мөрөөдөлдөө хүрэхийн төлөө гар хумхиж суугаагүй учраас өнөөдөртөө золгосон юм. Сургуулийн аливаа арга хэмжээнд бүжиглэх, шүлэг унших хүүхдүүдийн тэргүүн эгнээнд Кастро явдаг байлаа. Тэр спортод бас муугүй авьяастай. Ангийнх нь хүүхдүүд намхан, өөдөсхөн гэж үргэлж дооглоно. Гэвч хэзээ ч бууж өгч байсангүй. 12 настайдаа сургуулийнхаа хөөрхөн охиноор шалгарсан нь түүний хувьд амжилтынх нь анхны алхам байлаа. Тэр хэзээ ч бусдын ард нуугдаж байсангүй, боломж л олдвол ашиглах гэдэг сэргэлэн охин байв. Хувь тавилан түүнд азын билет сугалахад тусалсан гэлтэй тэрээр томоохон нэр нөлөө бүхий нэгэн эрхэмд жүжигчин болох хүсэлтэй гэдгээ илэн далангуй хэлж чадсан зоригтой охин. Улстөрч эр ядруухан айлын охинд туслахыг чин сэтгэлээсээ хүссэн учраас тухайн үеийн Театрын академийн удирдлага Андрес Солертой түүнийг танилцуулжээ. Охин мань эрийг өөрийн өргөмөл эцэг болохыг хүссэн байдаг. Тэр хэзээ ч ажлаас хойш сууж байсангүй. Даалгасан бүхнийг хийж чаддаг байлаа. 16 настайдаа охин Мексикийн “Caballero “сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа нийтлүүлэв. Ээж нь дүү нар нь бараг л нүүр хийх газаргүй боллоо гэж байсан ч Кастрод огтхон ч ичмээр санагдаагүй гэдэг. Харин үүний ачаар телевизийн “Ха-Ха” нэвтрүүлгээс хамтран ажиллах санал тавилаа. Тэр дуу оруулах албанд ажиллаж эхлэв. Удалгүй радиод нэвтрүүлэгчээр ажилалаа.
1974 оны арванхоёрдугаар сард тэрээр анхны хүү Кристианаа төрүүлэв. Гэвч түүний хажууд хань гээд түших хүн байсангүй. Хүн бүр ганц бие ээж хэмээн чичилж байлаа. Миний хувьд гэр бүл болно гэдэг эсрэг хүйсний хоёр хүн бие биенээ хайрлаж, нэг зорилгоор амьдрахыг хэлнэ. Тиймээс би ганц бие ээж болсондоо огт гутраагүй гэж тэрээр цайруулдаг байв. Кристианы аавыг олох гэж хүн бүр л таавар тааж байлаа. Гэвч хүүг том болж, алдартай дуучин болох хүртэл түүний эцэг хэн бэ гэдэг асуултын хариултыг олоогүй л байлаа. Хүүгийн эцэг “Ха- ха” нэвтрүүлгийн хөтлөгч Мануэлт Вальдэс байсныг бүүр хожим мэдсэн байдаг.
Вероника бяцхан хүүгээ тэврээд ганцаар үлдсэн ч их сургуулиа төгсч, шилдэг дүрийн жүжигчин автлаа нэг ч удаа зогсолгүй зүтгэсээр байв. Түүний мөрөөдөл биеллээ. Тэр нь “Баян хүнийг ч балаг тойрохгүй” олон ангит кинонд тоглосноор дэлхийд алдартай жүжигчин эмэгтэй болов. Түүнд нэр алдар аз жаргалын оргилд хүрсэн мэт санагдаж одоо л нэг уужим амьсгаа авч тачигнатал инээе гэх тэр цаг ирэв. Гэвч ахиад л нөхөргүй хэрнээ хүүхэдтэй эмэгтэй болчихов. Долоон жилийн турш хамт амьдарсан жүжигчин Энрикэ Ньембро нь хүүхэдтэй болсон түүнийг хуурсныг олж мэдсэн учраас уучлахыг хүссэнгүй.
Хүүхдүүдийг нь өсгөхөд ээж нь туслаж тэр гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд зүтгэсээр байлаа. Нэр алдар, мөнгө Кастрод байв. Гэвч аз жаргалтай гэр бүл, хайртай эр нөхөр л түүнд хэрэгтэй байсан юм. Жүжигчин Омар Фверро, дуучин Адольф Анхель, Аргентиний жүжигчин Хоре Мартинес гээд эр хүн түүнд байсан. Харамсалтай нь аль нь ч сайн хань болж чадсангүй.
Харин өнөөдөр Вероника Кастро гэрийн авгай болоогүйдээ баярладаг гэнэ. Түүнд алдарт “Плейбоя “нүцгэн зургаа өндөр үнээр авхуулах санал тавихад зөвшөөрөөгүй ч бага хүү Мишелийнхээ хийсэн кинонд нүцгэн кадр авхуулах зориг өнөөдөр байгаа. Тэр 60 настай ч байр сууриа өнөөдөр ч бусдад тавьж өгөх дургүй. Аргентиний гоо сайхны мэс засалч Хосе Хуритай танилцсанаас хойш хөгшрөхөөс айхаа больсон гэнэ. Кастро эмээ гэж хэлүүлэх ачтай болсон ч өнөөдрийг хүртэл хараагүй. Том хүүтэйгээ тийм ч сайхан харилцаатай биш учраас салсан эхнэр дээр нь очиж ачаа харна гэдэг түүний хувь асуудал хэвээр.
Тэр үргэлж бурханд залбирдаг. Түүнд өгч чадаагүй аз жаргалаа бурхан хоёр хүүд нь хайрлана гэдэгт итгэдэг.