Жүжигчин Аштон Катчер, Деми Мур нар зургаан жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салж буйгаа зарласан. Гэвч түүнээс хойш бараг нэг жил өнгөрч байхад тэд хөрөнгийн маргаанаас үүдээд гэр бүлээ албан ёсоор цуцлуулж чадахгүй байгаа гэнэ. Хэдийгээр Деми Мур экс нөхрөөсөө илүү нэр хүндтэй боловч сүүлийн хэдэн жилд гэр бүлийнхээ ихэнх орлогыг Аштон Катчер олжээ. Өнгөрсөн онд хамгийн өндөр орлого олсон жүжигчин гэгдэж буй Аштон Катчер ганцхан жилийн дотор гэхэд 24 сая ам.долларыг халаасалжээ. Тийм ч учраас өөрийн хүч хөдөлмөрөөр олсон хөрөнгө мөнгийг салсан эхнэртээ өгөөд явуулахыг хүсэхгүй байгаа Аштон Катчер хөрөнгө хуваах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ. Тэд гэр бүлийн маргаанаа шүүх цагдаадаа тулахгүйгээр чимээгүйхэн шийдэхийг хичээж байгаа ч энэ байдлаараа бол шүүх дээр очиж, шуугиан тарьж байж салах байх хэмээн ойрын эх сурвалжууд нь хэвлэлд ярьжээ. Экс хос ийнхүү маргалдсаар байгаа нь Аштон Катчер жүжигчин Мила Кунистэй хамтран амьдарч, тэдний харилцаа сайхан байгаад Деми Мур хардаж, одоо хүртэл сэтгэлийн хүнд шархтай байгаатай холбоотой ч гэж хэвлэлүүд бичиж байна.