Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрхангай аймаг УИХ-ын гишүүнтэй болох уу

Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд МАН болон АН-аас нэр дэвшигчдийн асуудал шийдэгдээгүй багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл удтал хүлээгдсэний эцэст энэ асуудал АН-ын талд шийдэгдэж байгаа бололтой. Энэ талаар нэр дэвшигчдээс байр суурийг нь сонирхсон юм.

С.Чинзориг: Асуудал эцэслэн шийдэгдээгүй

Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Чинзоригоос цөөн асуултад хариу авлаа.
-Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн хоёр Улсын дээд шүүхээс гомдлоо татсанаар МАН-ын аас нэр дэвшсэн хоёр гишүүн болох нь гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гэтэл нөгөө талаас АН-ын хоёр тангарагаа өргөх нөхцөл бүрдлээ гэх юм. Та үүнд тодорхой тайлбар өгөөч?
-Батхүү, Зоригт хоёр Хан-Уул дүүргийн шүүхэд анх гомдол гарсан шүү дээ. Үүнийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд “Төмөрхүү, Чинзориг хоёр хууль зөрчжээ” гэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Бид үүнийг нь эсэргүүцэж нийслэлийн шүүхэд хандсан юм. Харин нийслэлийн шүүхээс Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Төмөрхүү бид хоёрын талд шүүхийн шийдвэр гаргасан юм. Тэр шийдвэрийг Батхүү, Зоригт нар эсэргүүцэж Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байсан юм. Энэ гомдлыг нь Улсын дээд шүүх өнөөдөр /өчигдөр/ хэлэлцэх байсан ч тэд гомдлоо татсан байна. Түүнээс хэн нэгэн таатай шийдвэр гараагүй байгаа.
-Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, харьяалал буруу байна гэж асуудлыг Өвөрхангайн шүүхээр шийдэх ёстой гэсэн юм уу?
-Үгүй ээ. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг л хүчингүй болголоо гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс Өвөрхангайд шийдэх ёстой гээгүй. АН-ын хоёр Хан-Уулын шүүхэд гаргасан гомдлоо Өвөрхангайн шүүхэд гаргасан юм.
-Тэгэхээр асуудал эцэслэн шийдэгдээгүй гэж ойлгож болох уу?
-Асуудал эцэслэн шийдэгдээгүй.

Г.Батхүү: Өвөрхангай аймгийн шүүхээс бид хоёрын талд шийдвэр гаргасан

Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүүгээс дараахь тодруулгыг авлаа.

-Д.Зоригт та хоёрыг УИХ-ын гишүүний тангараг өргөх боллоо гэж байна. Гэтэл МАН-аас нэр дэвшсэн хүмүүс асуудал эцэслэн шийдэгдээгүй гэх. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хан-Уул дүүргийн шүүхээс Чинзориг, Төмөрхүү хоёрыг хууль зөрчиж, насанд хүрээгүй хүүхдээр мөнгө тараалгасан байна гэж үзсэн шүү дээ. Үүнийг тэд эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд хандаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Түүнийг нь бид эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандсан байсан ч бид гомдлоо татсан. Учир нь, Өвөрхангай аймгийн шүүхээс “Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх эрх зүйн орчин бүрдлээ” гэсэн шийдвэр гаргасан байна. Тиймээс гомдлоо татаж байгаа юм.
-С.Чинзоригийн хэлж байгаагаар энэ асуудлыг Өвөрхангайн шүүх хэлэлцэх ёсгүй гэж байна билээ?
-Хан-Уулын шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүх хүчингүй болгохдоо харьяалал буруу гэж үзсэн шүү дээ. Тиймээс Өвөрхангайн шүүхэд гомдлоо гаргасан юм. Тэгээд ч хэрэг хаана шийдэхийг Чинзориг мэддэг юм биш шүү дээ. Нэгэнт харьяаллын шүүх нь хэлэлцээд шийдвэрээ гаргачихаад байхад энэ асуудлыг дээд шүүхээрхэлэлцүүлэх шаардлагагүй юм.
-УИХ-ын гишүүний тангарагаа хэзээ өргөх вэ?
-Өвөрхангай аймгийн шүүхээс СЕХ-нд шийдвэрээ ирүүлэх байх. СЕХ хурлаа зарлаж тэр шийдвэрийг хэлэлцвэл тангарагаа өргөнө.  


Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан