“Gangnam Style” дуугаараа К-попыг дэлхий нийтэд мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Солонгосын дуучин PSY тун удахгүй шинэ синглээ гаргах гэж байна. Гэхдээ энэ удаа түүний дууны шүлэг англи хэлээр байх учир PSY-г сонсох дуртай болсон дэлхий нийтийн сонсогчид дууны утгыг ойлгох гэж ядах юмгүй болох нь. Рэппэр PSY шинэ дуу нь “Gangnam Style”-ийн амжилтыг давтаж чадах болов уу хэмээн нэлээн эмээж, хит дуу гаргах ёстой гэсэн хүнд дарамт үүрч байгаагаа BBC-д ярьжээ. Түүний “Gangnam Style” дууны клипийг үзсэн хүний тоо өдгөө 400 сая давчихаад байгаа учир ийм хэмжээний амжилт үзүүлэх уран бүтээл дахин төрүүлнэ гэдэг маш хүнд байгааг дуучин ярьжээ. Тэрээр мөн “Асуудлын гол нь миний дууны клип надаас илүү алдартай болчихоод байна” гэж хошигноод өөрийн өмнөх уран бүтээлүүдээ сурталчлах ажил ойрын үед хийх болно хэмээн өгүүлжээ. Үүний тулд тэрээр Жастин Биберийн менежер байсан алдартай продюсер Скүтэр Браунтай хамтран ажиллахаар болсон байна.