Дуучин Лэйди Гага Испанийн Барселона хот дахь тоглолтынхоо үеэр тайзан дээр дөрвөн ч удаа бөөлжиж, фэнүүдээ гайхашруулжээ. Хэдийгээр дуучин дөрвөн ч удаа огьж, дуулахаа түр зогсоож байсан ч тоглолтоо тасалдуулалгүй үргэлжлүүлсэн байна. Лэйди Гага тайзан дээр буруу харан бөөлжиж байх хооронд түүнтэй хамтран бүжиглэгч үзэгчдийн анхаарлыг сарниулахын тулд дуучны өмнө гарч бүжиглэжээ. Лэйди Гага ийнхүү тоглолтынхоо үеэр өвдсөн нь анхны тохиолдол биш. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Румынд тоглолтоо хийж байх үеэр мөн л дотор нь эвгүйрхсэн тул тайзны араар орж бөөлжиж байжээ.
Тэрээр тайзнаас гэнэт гарч явсныхаа дараа эргэн гарч ирэхдээ “Би сая тайзны ард орж бөөлжчихөөд ирлээ. Учир нь та бүгдэд үүнийг харуулахыг хүсээгүй юм. Гэхдээ бүү санаа зов. Надад хааяа ийм зүйл тохиолддог юм” гэж тайлбарлаж байжээ.
Дуучин бүсгүйд тохиолдсон явдал тийм ч ноцтой өвчин биш байсан бололтой. Маргааш нь огтхон ч өвдөөгүй мэт, урьдынхаараа бусдын нүдийг булаасан этгээд сонин хувцастайгаа цоглог гэгч нь фэнүүдийнхээ өмнө гарч ирсэн байна.