Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баабар: Сарлаг нядлах аргачлал

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Нядлах танхим руу үхрийг нэг нэгээр нь оруулна, тэгэхгүй бол бөөнөөрөө орж ирсэн үхрийг нядлагчид яаж ч чадахгүй. Үхэр мэдээж нядалгааны танхим руу баяр хөөртэйгээр ухамсарлан орж ирэхгүй учир хашааны гадна зогсох нэг хоёр хүн 80 вольтын хүчдэлтэй цахилгаан шороор хошного руу нь хатгана. Бөгс биш, яг хошногоны нүх хүү нь тааруулж дүрнэ. Хөөрхий үхэр нядалгааны танхимд орж ирэхэд 380 вольтын цахилгаан бороохойгоор яг духанд нь хатгана даа.

Дороо нам. Ингээд өрөөсөн хөлнөөс нь өргүүрээр өргөөд цааш конвейроор хөдлөнө. Арьсыг нь хуулна, гэдсийг нь гаргана гэх мэт. Гэтэл үхрийн бүлд багтах боловч биологийн зүйл ангилал нь шал тусдаа сарлаг гэх амьтны нядалгаа их өөр. Сүүлээ чанх дээш нь өргөн туг аятай намируулсаар хаашаа ч хамаагүй хар эрчээрээ давхих сарлагийн бярууг сарлагтай газрынхан андахгүй дээ. Тэднийг нядалгааны танхим руу цахилгаан шороор хошногодож оруулна гэдэг там. Баруун аймгуудаас туувраар ирэх сарлаг (Хэнтийн нуруунд сарлаг бараг байдаггүй. Сарлаг бол Хангай, Алтайн нурууны мал) сүрэглээд нэг дор бөөнөөрөө мах бэлтгэлийн хашаанд. Тэд цахилгаан шорыг тоохгүй, яаж ч хатгаад арагшаа л ухрана. Зарим нь ухаан алдаад унана, арын сарлагууд улам хойшоо ухрана. Ингээд орчин үеийн техник технологийн үгэнд ордоггүй сарлагийг нядалгаа руу оруулах монгол аргыг бодож олсон байгаа юм. Шорлогч залуучууд пинжэкээ юмуу күүрчгээ тайлан толгой дээгүүрээ эргэлдүүлэн гийнгоо маягтай гуугалан хашгирна. Өнөөх сарлагууд зэрэг дэрхийн нядалгааны танхим тийш хоорондоо өрсөлдөн чихцэлдэн уралдана. Танхим руу орох хаалган дээр овооролдоно. Нарийн хаалгаар багтахгүй. Бүгд урагш тэмүүлээстэй. Чухам энэ үед л цахилгаан шороо ашиглаж хошногодсоноор хөөрхийс ухаан зулгагүй нэг нэгээр багтан орж үхэл рүүгээ өрсөлдөн уралдана. Сонирхолтой нь монгол үхэр дунд нэг хоёр сарлаг байх юм бол ийм сонин ааш гаргадаггүй, үхэртэй адил хошногодуулаад л үхэл рүүгээ тайван явж ордог.

1990-1992 онд Монголын нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн. Өмч хувьчлалаас эхлээд эрх чөлөө хүртэл нийгэм, улс төр, эдийн засгийн хувьсгал болж өнгөрсөн. Тэжээж байсан систем нуран унасан болохоор цааш амьдрахын тулд ийм реформ хийх нь зайлшгүй тулгалт байсан юм. Энэ болгоныг хууль тогтоох байгууллага хуульчилж, Засгийн газар тэрийг нь хэрэгжүүлэх зарчмаар явсан. Бүгд хуулийн дагуу болж өнгөрсөн зүйл.

1992 онд мөнөөх реформыг удирдан хийсэн улс төрийн нам дахин засгийг барих эрхтэй боллоо. Уг нь шинэчлэл гардан хийсэн Засгийн газраа үргэлжлүүлэн хийлгүүлж болох байсан. Тэртээ тэргүй нэг л нам юм чинь. Гэвч гэнэтийн түргэн шинэчлэлд шокодсон намчид Засгийн газраа солив. Эхлүүлээд удаагүй, олон арга хэмжээ нь дундаа л орж байсан эдийн засгийн реформыг шинэ засаг зүгээр л таслан зогсоов. Тэд эргээд социализмаа дахин босгон байгуулж эхлээгүй л дээ. Гэхдээ нэгэнт өрөөсөн хөлөө капитализм дээр тавьчихсан байсан болохоор тэс өмнөө хоёр тогтолцооны дунд тэлэгдсэн Монголын салтаа цуурдаг юм байгаа биз дээ? Гиперинфляц гээч юм болж 350 хувийн инфляцаар дэлхийн түүхэнд биш юмаа гэхэд бүс нутагтаа рекорд тогтоосон байх. Уг нь урд засгийн төлөвлөж байсанчлан мөнөөх нийтэд тараасан ногоон ягаан тасалбараа биржээр дамжуулан хоёр дахь зах зээл рүү оруулсан бол өнөөгийн Монгол арай л гялгар харагдах байсан даа. Гэвч тэр үед засаг солигдсоныг нийт ард түмэн баяртай хүлээн авч уухайлан дэмжсэн. Дараа нь газар дор ортол муулсан даа.

1996 оны сонгуулиар 75 жил тасралтгүй Монголын төрийг атгаж байсан намаас өөр улс төрийн хүчин ялалт байгуулж засаглав. Анх удаа. Сонгуулийн дүн ингэж гарсан болохоор түрүүчийн засгийг огцрууллаа гэж үзэхгүй л дээ. Нийт ард түмэн энэ явдлыг уухайлан дэмжиж баярын марш эгшиглүүлэв. Шинэ засаг реформ хийхийг үзүүлж өглөө.

Магадгүй хурд хэтрүүлсэн ч байж болох. Малыг, байр сууцыг эздэд нь төлбөргүйгээр өгснөөр иргэд өөрийн өмчтэй болж түүнээ эргэлдүүлэн улс орон түргэн өндийв. Гэвч ердөө жил гаруйгийн дараа юм хийсэн засгаа онхолдууллаа. Яг үнэндээ хоёр бух л мөргөлдсөнөөс болсон юм. Ард түмний баярласныг хэлээд юүхэв! Ингээд шинэ Засгийн газартай болов. Реформыг зогсоогоогүй л дээ, гэхдээ шууд л эрч нь суларсан. Хэдхэн сарын дараа түрүүхэн нь онхолддог засаглагчид ба тэднийг дэмжигчид хариугаа авч сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад шинээр гарч ирэгсэдийг дэгээдэж унагав. Ард нийтийн түрлэг уухайгаар дэмжигдлээ. Зэвүүцэл бухимдал нь оволзсон ард нийт “алаад өг наадуулыгаа!” гэж хүрхрэлдэж байв. Оронд нь гаргаж ирэх засгаа олдоггүй ээ, эхлээд юу ч гэсэн унагаад авъя гэсэн хэрэг. Үндсэн хуулинд заахдаа шинэ Ерөнхий сайд томилогдсоноор түрүүчийн Засгийн газар огцорснд тооцогдоно гэж тодорхой заасан боловч энэ заалт энэ үеэс хойш аль ч засагт хэрэгжиж байгаагүй, юутай ч эхлээд онхолдуулъя гэдэг аргачлалаар “хөгжсөөр” ирсэн.

Хэдэн сар ухнатаж байж арай гэж дараагийн засаг байгуулсан боловч эргээд хариу мэхэнд орон жил бололгүй накаутдууллаа. Ард түмний магнай хага ташив. Ямар юмных нь реформ, тэр бол мартагдсан зүйл, ердөө л улс төрийн тэмцэл гээч шог жүжиг. Тэд онхолдож ард нийт цэнгэн баясав. Тэрний дараагийнх нь хэдийгээр албан ёсоор томилогдсон боловч эргээд бодоход оршин байсан юм болов уу даа, чааваас. Гэхдээ л тухайн үедээ нийгмийн маш их дэмжлэг авсан юм даа.

Харин сонгуулийн дараа жам ёсоороо төрөөс холдоход тэд ард түмний санаачлагаар энэ дэлхийн 4 тэрбум жилийн турших бүхий л нүглийг дангаараа хүлээн нуруундаа үүрлээ. 2000 оны сонгуулиар мөнөөх 75 жил тасралтгүй засаглагчид 4 жил завсарлаад эргээд ирлээ. Мэдээж шинэ Засгийн газар. Монголчууд нийтээрээ нэгэн зэрэг команд авсан юм шиг үнэн зүрхнээсээ баярлан хөөрч байсан энэн шиг тохиолдол ховор байхаа. Сонгуулийн дүн ийм болохоор энд засгаа онхолдуулсан тухай яриа байхгүй л дээ. Харин шинэ засаг албан тушаалыг дуудлага худалдаа маягтай үнэ дуудан зарахаас ажлаа эхлүүлэв. Тохирсон монгол үг олдохгүй “коррупци” гэж бичигддэг байсан үг “авилга” гэсэн ориг монгол нэршилтэй болж Монголд нутагшин маш хурдтайгаар дороо таргалав. Ганц гялайх юм нь иргэд газраа өмчлөхийг зөвшөөрсөн явдал. Гэвч үүнээс хойш 20 гаруй жил өнгөрөөд байхад Улаанбаатарын өрхийн 20 хүрэхгүй хувь нь газраа өмчилжээ. Газрыг эргэлтэнд оруулах механизм үйлчилдэггүй учир хүмүүс өмчиндөө авсан гэх тухай бүр нь хүчин төгөрдөр бус баахан бичиг баримтыг сонгуулиас сонгуульд цуглуулсан байх. Авилгын загалмайлсан эцэг гэгдсэн засаг буухад үүнээс гадна ард түмнээс хэдэн зуун хоч хүртлээ.

2004 оны сонгуулиар хоёр нам тэнцэж хамтарсан Засгийн газар байгуулав. Ард түмэн аанай л уухайлан дэмжиж, сонгуулийг яг таг нүдээ олсон гэж хөөрцөглөв. Үнэндээ нүдээ онох нь ч оносон, гэхдээ сохолчихсон. Тэнцүү эрхтэй хоёр Ерөнхий сайдтай марзан засаг. Реформ ч яришиг л байна, гол нь хоёр нам биенээ дэгээдэж унагахаар байнгын бэлтгэлд гарсан байлаа.

Дайрлаа, тэвэрлээ, нохой мордлоо-шинэ Засгийн газартай болов. Засгийн газар болгоноо түүхэн дахь хамгийн муу байсан нь энэ гэж хэлэх дуртай, ард түмэн маань. Гэвч энэ засаг л үнэндээ хамгийн арчаагүй нь байсан байх. Засгийн газрын гишүүн нь өөрийн засгаа унагана гэж эсэргүүцлийн сүрт жагсаал хийж байв. Нэг сайд нь Ерөнхийгөө зодно гэж өрөөнд нь ширээ тойруулан хөөж байсан гэх. Олон жил хөөцөлдөн хүшуу цорвойн гуйгаад олдоогүй гадны хөрөнгө оруулалт гэнэт цутгалаа. Гуйсан учраас биш, ерөөсөө л энэ үед дэлхий даяар түүхий эдийн үнэ өссөн хэрэг. Үүний хүчээр Монгол улс 8 жилийн дотор 10 дахин баяжин дэлхийн бараг хамгийн ядуу гуйлгачин орноос дундаж орны хэмжээнд хүрчээ. Олсон хөрөнгөө тэр дор нь цацаж үрдэг нь нүүдэлчдийн уламжлал. Засаг ард түмэндээ таалагдахын тулд (Үнэндээ сонгууль угтаж ард түмнээ хахуульдаж буй хэрэг) мөнгийг баруун солгойгүй тараалаа. Биологийн үйлдэл болгон шагналтай, төрүүлснийх, төрснийх, гэрэлснийх, хөгширснийх. 5 жилийн дотор 4 тэрбум доллар тараасан нь монголчуудын түүхэндээ олж байгаагүй их зоос.

Мөнгө тараах тусам ард түмэн төр засгаа зүхэх болов. “Намайг зүгээр сууж байхад ийм их мөнгө өгөөд байгаа юм чинь өөрснөө бол цусалж өгсөн байж таараа!”. Тэр нь ч бас үнэн. Ард түмнээ харж үзэх үйлдэл болгон нь засаглагчдын томоохон бизнис, авилга хулгай шамшигдууллын унац ихтэй том агуй болж хувирсан юм. Ингээд ард түмэн өөрсөдөд нь дутаагдсан гэх мөнгөө өөрснөө олохоор мордов. Өөрснөө гэдэг нь “хуулийн хүрээнд” хийх дээрэм тонуул, шантааж рэкэт. Уламжлал нь тийм юм даа.

Тэр даруй 25 мянган Төрийн бус байгууллага үүслээ. Эхнэр нөхөр хоёр гол ус нуур цөөрөм хамгаалах төрийн бус байгуулах жишээтэй, учир нь нутагт нь нэг ширгэсэн шандын хавьцаа нэг компани геологийн хайгуул хийж буйг очиж дарамтлан хэдэн цаас шомбодох зорилготой. Монголд 600 гол нуур байхгүй л дээ, гэхдээ ийм тооны гол мөрөн, далай тэнгис хамгаалах сайн дурын байгууллага бий болов. Энэ маягийн рэкэтийн сайн дурчид хорт хавдар мэт өслөө. Удалгүй тэд төртэйгээ нийлж авсан. Тэдний цаад удирдлага төрд байдаг учир хууль санаачилж эхлэв. Тэр замаар замнагсад ард түмний дэмжлэгээр УИХ-ын гишүүн болж улмаар сайд болон дэвшлээ. Бүр Уул уурхайн яамны сайд болцгоосон гээ. Уриа лоозон нь бүгдийнх нь ихэр мэт адил. Эх орон, ард түмэн байгаль орчин, тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдал. Эднийг бүгдийг нь нийлүүлээд “эх орончид” гэнэ. Эднийг дагалдаад нийт ард түмнээрээ уул уурхай, геологи, экологийн мэргэжилтэн болцгоов. Түүхэн уламжлалаараа “мэргэжил, мэргэшил” гэдгийг тоодоггүй, чанга орилсныгаа дагадаг ард түмэн дээ! Ард түмэн мэргэжлийн эх орончиддоо хайртай гэж жигтэйхэн. Эх орончид болон тэднийг өөхшүүлэгч Монголын төр пинжээкээ тайлаад толгой дээгүүрээ эргэлдүүлэн муухай орилоход л нийт ард түмэн огшоод явчихана. Төр албан ёсоор зөвшөөрөл лиценз өгчихөөд араас нь “ард түмнийхээ талд орж” пинжээкээ эргэлдүүлэн уухайлна. Ард түмний хилэнт эсэргүүцлийн дүнд 7/1 гэгдэх томоохон халдлага боллоо. Яг л 9/11 гэсэн тогтсон нэршил шиг. Сонгуульд оролцогсод гарсан дүнд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн эсэргүүцлийн цуглаан нь сонгуульд огт оролцоогүй дээрэмчидийн танхайрлаар үргэлжилсэн юм. Шинэ гарч ирсэн засаг Монголд бараг ганцаар үлдсэн сүүлчийн гадаад хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийн асар том ордыг ашиглан эргэлтэд оруулахаар шийдэв.

Үүний тулд сонгуульд ялсан ялагдсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулжээ. Энэ бол бараг хамгийн сүүлчийн найдвар байсан юм. Гэвч дараагийн Засгийн газар нь гэрээг цуцалж уурхайг хаасан ба хэдэн жилийн дараа гэрээ хийсэн хүмүүсийг шоронд илгээсэн. Шалтаг нь “гэрээ хийхдээ хахууль авсан байх магадлалтай!”. Шүүх удтал хайгаад хахууль авсныг нотолж чадаагүй учир “ер нь эх оронч байгаагүй” гэдэг зүйл ангиар ялласан. 

Сонгууль болоогүй байхад дахиад л шинэ Засгийн газар. Тэд ард түмнээ өрөвдөөд (аргадаад) иргэн болгонд уул уурхайн хувьцаа тараахаа амаллаа. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч биелсэнгүй. Мөнөөх газар өмчлөхийг зөвшөөрлөө гэдэг шиг. Аль алин нь зүгээр л ярьсан болохоос хүмүүст хүрэх механизм байхгүй. Харин мөнөөх 25 мянгаасаа хэдийг нь сонгон шалгаруулж “төрд туслах яамархуу” юм байгуулж тэднээрээ баахан рекламдав. “Эх орончид”-оос аль илүү хэрцгий дээрэмчин, дуу шуутай рэкэтчидийг сонгосон юм шигээ. 2012 оны сонгууль болж гурван нам хоорондоо комбинац хийж байгаа юм шиг бүрэлдэхүүнээ янз бүрээр хийж үзэв. Яг л эвлүүлдэг тоглоом шиг. Ард түмэн дэмжээд л, жигшээд л… Энэ нь пинжээкний эргүүлэлтээс хамаарна л даа. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын идэвхижлээс хамаарч ДНБ 17 хувь хүрсэн нь бараг дэлхийн рекорд болов. “Азийн тавдахь бар төрлөө” гэж дэлхийн том хэвлэл мэдээллээр шуугин Монгол жинхэнээсээ моодонд орох нь тэр. Монголын хөгжлийг шүтээстэй. Харин Монголын ард түмэн харамсал бачимдалд автав. “Гадаадын шуналтнуудад шулуулж турж үхлээ, уг нь өөрснөө нүүрсээ хүрзээр ухаад Цагаан хэрэм давуулж шидээд байсан бол юун 17% бэ 170% хүрэх байсан юм!”. Тоглоом биш, энэ үг УИХ-д цууриатахад монголчууд хүрзээ барин босч тэмцэлд бэлдэв. Даруй гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон хуулийг 2012 оны 5-р сард УИХ батлан гаргалаа. Гадаадынхан Монголын уул уурхай, боловсрол, барилга, банк хавиар үзэгдэх хэрэггүй! Хуулиа дээдэлдэг шинэ Засгийн газар үлдсэн ганц хөрөнгө оруулагчдыг дарамталсаар уурхайг хаалгав. Уул уурхайн шинэ сайд томилогдсон өдрөө “Би ард түмнийхээ шаардлагын дагуу гадаадын шулаач хөрөнгө оруулагчдыг даруй хөөн гаргана” гэж мэдэгдэхэд ард түмэн баярлан “салют буудацгаасан”. Их хөөрлийн үед ард иргэд авто машинд 7 тэрбум доллар, гар утсанд 2 тэрбум доллар, цахилгаан хэрэгслэлд 1 тэрбум доллар зарцуулсан гэсэн тоо гарсан.

Хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаснаар бүгдээрээ долларын саятан болно гэж пинжээкний эргэлтээс ойлгожээ. Засгийн газар хөрөнгө оруулагчгүйгээр амаараа гартал баяжина гэсэн математик тооцоо хийсэн учир бонд гарган дориун их мөнгө босголоо. 17%-ийн өсөлт үзүүлсэн энэ оронд гадныхан тэр үед итгээд их мөнгө зээлдүүлжээ.

Уул уурхайн компаниудад ч тэд их зээл өгсөн. Хувь хувьсгалын зээлийн нийлбэр өр 20 тэрбум доллар болов. Энэ нь багадсан юм байлгүй, юутай ч улам их мөнгө орж ирнэ гэж тооцоолоод урьдчилаад нөөцийн мөнгөө ёроолыг нь шавхтал хоослон зам, барилга руу цутгалаа. Улс орон тэр даруй мөнгөгүй болон нойль заав. Ингэхээр нь засгаа огцруулж таарна шүү дээ. Ард түмэн тэгэж шаардаад байгаа юм чинь! "Гуриатлаа, баларлаа та нар л хөөгдсөн хөрөнгө оруулагчдыг олоод ир" гэж УИХ дараагийн шинэ Засгийн газраа гуйв. Өнөөдүүл нь яваад нэгэнт хөрөнгө оруулж хохирчихоод байгаа гадаадын компанийг гуйсаар байгаад эргүүлээд аваад ирсэн. Үүнд ард түмний хилэн оволзох нь тэр! Гэрээг ил тодоор Сүхбаатарын талбай дээр хийж зурагтаар шууд дамжуулахын оронд алс хол газар нууцаар хийсэн гэж яллаад тэднийг шоронд явуулсан даа. Сонгууль болж түрүүнийхийгээ хэн илүү гүтгэж доромжилсон нь барианд түрүүлэх нь ном. Өөрснөө оролцож сүйрүүлэлцсэн нам энэ удаа түрүү засгаа муулж бүх юмыг дахин 1921 оноос эхлүүлэх гэж байгаагаа баяртайгаар тунхаглав. “Бид таг хоосорч хармайндаа сохор зоосгүй үлдлээ, улс маань дампуурч байна, өр 20 тэрбум доллар гарсан, турж үхлээ туслаарай” гэж дэлхий даяар зарлав. Гуйлга гуйхаар бизнис класс онгоцонд налайн, таван одтой буудлаар тухлах дарга нар “баян юм гэнэлээ” гэж дам сонссон орнуудаар хэсэн турж эцэж байгаагаа гайхуулан мөнгө гуйн тэнэлээ. Өрөндөө баригдаж өтөндөө шавуулсан гудамжны гуйлгачинд хаа нэг өрөвдсөн буянтан аяга цайны задгай мөнгө өгөхөөс хэтэрдэггүй гэдгийг тэд мэддэггүй бололтой. Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ тухай бүрдээ худалдагдчихдаг шүү дээ!? Цааш нь ярих уу, яахав?

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан