Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Дугаржав: Аж үйлдвэрийн шинэ сэргэлт хийх түүхэн цаг үе ирээд байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавтай ярилцлаа.

 

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 40 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, ажилчдадаа үр дүнгийн урамшуулал олгож эхэлсэн зэргээр танай байгууллагатай холбоотой таатай мэдээлэл олон дуулдах болжээ. Тэгвэл таныг анх ирэхэд нөхцөл байдал ямар байв. Ажил хүлээж авснаас хойш менежментийн ямар шинэчлэл, зохион байгуулалт хийж байж өнөөдрийн түвшинд авчирсан талаар ярилцлагаа эхлүүлье?

-Засгийн газар ямар учраас концессын гэрээгээ цуцлах болсон, хэрэгжүүлэгч тал ямар нөхцөл байдал үүсгэсэн талаар олон нийтэд мэдээлж болох бүх мэдээллийг хангалттай өгсөн гэж бодож байна. Хууль хүчний байгууллагаар шалгагдаад, нотлогдоод, шүүхийн түвшинд явж байгаа асуудалд одоо тэгсэн ингэсэн гэж ярих нь зохимжгүй. Товчхондоо, 850 гаруй тэрбум төгрөгийн өртэй компани хүлээж авсан. Үүнээс 800 орчим тэрбумын хохирол тогтоогдсон хэрэг олон нийтийн нүдэн дээр байгаа юм. Тийм учраас ажил хүлээж авах үеийн нөхцөл байдлаа тийм хэцүү, ийм баларсан байсан гэж тоочиж ярих илүүц болов уу. Тухайн нөхцөл байдлыг мэдээд, засаж сайжруулах төлөвлөгөө гаргаад ажиллах гэж ирсэн, ажиллаж байна. Товчхондоо үйл ажиллагаа доголдсон, үйлдвэрлэл зогсохдоо хүрсэн, ийм нөхцөл байдал угтсан. Манай хамт олон хичээн зүтгэсний үр дүнд эрсдэлтэй нөхцөл байдлаас тогтвортой үйл ажиллагаа руу, тогтвортой үйл ажиллагаанаас амжилттай төлөвт шилжиж чадсан. 

-Нөхцөл байдал ямар байсан талаараа илүү дэлгэрүүлж яриасай гэж танаас хүсэх байна. Яагаад гэвэл концессын гэрээг цуцлах болсон шалтгаан, төрд учруулсан хохирлыг л олон нийт мэдэхээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ямар түвшинд хүрчихсэн байсныг ханцуй шамлан ажилласан та бүхнээс бусад нь төдийлөн мэдэхгүй шүү дээ? 

-Миний хувьд 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр ажлаа авсан. Маш хурдан хугацаанд үйл ажиллагааг жигдрүүлэх, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай тулгарсан. Манайх гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Яг үнэнийг хэлэхэд концесс хэрэгжүүлэгчид хамаг байгалийн баялгаа сорчилж олборлоод экспортлоход л анхаарлаа хандуулж, бүх үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлж байснаас биш, уулын ажлын төлөвлөгөөний дагуу хийх ёстой хайгуул болон бусад технологийн ажлаа орхигдуулсан, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бол бүр зогсоох хэмжээнд хүргэсэн. Концессын гэрээг цуцалж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төр буцаан авахад буюу 2022 оны дөрөвдүгээр сард гангийн үйлдвэр зогссон, хаягдал төмрийн нөөцгүй болсон байсан. Техникийн засвар үйлчилгээ, хаягдал төмрийн нөөц бүрдүүлэлт гээд нэлээд ажилласны хүчинд 2023 оноос эхлэн бид ямартаа ч гангийн үйлдвэрийн төлөвлөгөө нормоо 100 хувьдаа хүргэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон. 

-Хувийн хэвшилд шилжсэнтэй холбоотойгоор олон талаар асуудал үүссэн байж. Нууц биш бол анх ажил авч байхад ажилчдын дотоод уур амьсгал ямар байв. Таныг ер нь хэрхэн хүлээн авсан бэ?

-Энд ямар нууц зүйл байх вэ. 30 жилийн түүхтэй энэ том компанийн үйл ажиллагаа энгийн уурхайчин, ган хайлагч гээд бүх ажилчдын сэтгэл зүтгэл дээр тогтож явдаг. Компанийн удирдлага хэн байх нь сонин биш. Үйлдвэр зогсолтгүй ажиллаасай, хөгжиж томроосой, ажлын байр тогтвортой байгаасай, цалин мөнгө тогтмол цагтаа бууж нэмэгдэл, урамшууллаа авч байх юмсан гэсэн ажилчдын маань ийм л хүсэл зорилго бий. Манайханд харьцангуй хувь хүн талаас хандах, янз бүрийн мэдээлэлд автах тийм хандлага бага. Мэдээж концесс хэрэгжүүлж байсан компанийн зүгээс “Төр аваад дампууруулна, шүүхдээд буцааж авна” гэх мэтээр ажилчдын дотор явуулж байсан элдэв явуулгаас болж эргэлзсэн, үл итгэсэн хандлага байсныг нуухгүй. Тэр хэрээрээ итгэлийг нь даах, үйл ажиллагаагаараа нотолж харуулах хариуцлага өндөр байсныг нуухгүй ээ. Саяхан манай үйлдвэрт Сангийн сайд Б.Жавхлан ирж ажилласан. Тойргоос сонгогдсон гишүүн, анх концессын гэрээг цуцалж төр өмчөө буцааж авах ажлыг гардаж хийсэн хүний хувьд ойр ойрхон ирж үйл ажиллагаатай танилцдаг. Сая ирэхдээ “Төмөрлөгийн үйлдвэрийнхний урам сэргэсэн, нүд нь цогтой болсон байна” гэж хэлсэн нь надад урам өгсөн. Ер нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга тусалж, дэмжиж байдаг нь бидэнд маш том итгэл үзүүлж байгаа хэрэг гэдгийг манай хамт олон ойлгож, тэр хэрээр хичээдэг. 

-Эдгээр мэдээллээс үзэхэд төр муу биш, сайн менежер байж болдгийг харуулж чаджээ гэж ойлголоо. Үйлдвэрийг төрийн мэдэлд буцаан авснаас хойш ажлын бүтээмж, үр ашиг, бүтэгдээхүүн үйлдвэрлэл хэр нэмэгдсэн бэ. Та бидэнд зарим тоон мэдээллийг өгнө үү?

-Уулын ажлын горим, технологи параметр алдагдсан байсныг сайжруулж хэвийн горимд оруулсан. Хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн технологид схемийн өөрчлөлт хийснээр нунтаг баяжмалын агуулга нэг, гарц дөрөв, баяжуулалтын металл авалт 3.9 хувиар тус тус өссөн. Гангийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хаягдал төмрийн нөөцийг энэ өдрөөс урагшаа 9.4 сараар бүрдүүлснээр ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтворжиж, сүүлийн таван жилд хийгээгүй их засварын ажлыг 2023 оны наймдугаар сард 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэснээр үйлдвэрлэлт 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 36 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлууллаа. Энэ нь манай ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 49 хувиар өссөн үзүүлэлт. Уул уурхайн үйлдвэрлэлээрээ манай хамт олон 1.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 936.8 мянган тонныг экспортлон уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 270 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 2023 онд 40 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Манай хамт олон төрийн менежментийг хэрэгжүүлж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 49.5 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Компанийн удирдлагын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байсан цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж өнгөрсөн жил гаруйн хугацаанд 74 хувиар нэмэгдүүлснээр дундаж нь хоёр сая орчим төгрөг байсан цалин өнөөдөр 3.3 сая төгрөгт хүрээд байна. Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг өнгөрсөн жилүүдэд гурван удаа олгосон гэх мэт үйл ажиллагааг илэрхийлэх тоон үзүүлэлтийг хэлж болно. 

-Валютын нөөц нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буй төрийн өмчит компаниудын дотор танайх нэлээн дээгүүр байгаа харагдсан. Богино хугацаанд ам.доллар төвлөрүүлэх даалгавраа хэрхэн биелүүлэв? 

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн Монголбанканд одоогоор 58.4 сая ам.доллар төвлөрүүлээд байна. Миний хувьд энэ ажилд томилогдсон даруйдаа нэг жил зогссон экспортоо яаралтай эхлүүлсэн. Гадаад дотоодын худалдан авагч, харилцагчдадаа үнэн бодитой мэдээлэл өгч албан журмаар уйгагүй харилцаж, тэдний итгэлийг сэргээх талд нэлээд ажилласны үр дүн юм болов уу. 

-Төмрийн хүдрийн баяжмалыг тойрсон нэг биш асуудал яригддаг байсан. Экспортын гэрээ, вагоны түрээс гэх мэт. Эдгээр асуудал жигдэрч чадаж байна уу? 

-Энэ асуудлыг нэг мөр шийдэх гарц бол Монголын хөрөнгийн биржээр буюу дуудлага худалдаагаар арилжаа хийх асуудал байсан. Одоо дундын элдэв зуучлалгүй, татвар гаалийн бүртгэл дээр уурхайн амнаас хил хүртэлх бүх зүйлийг цахимжуулж ямар ч хардлага сэрдлэггүй болсон. Хэчнээн тонн төмрийн хүдрийн баяжмал, ямар компанийн ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй, ямар үнээр зарагдаж байгаа гээд бүгдийг нь бүртгэлжүүлж, нээлттэй болголоо. Худалдааны гэрээнүүд бүгд ил тод болсон. Бид төмрийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнэд хүргэн зарж байна. Монголын хөрөнгийн биржээр одоогийн байдлаар нийт 57 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 28.8 сая ам.долларын үнэлгээтэй, 396.4 мян­ган тонн төмрийн хүдрийн баяж­малыг борлуулаад байна. Төмрийн баяжмал биржээр борлуулснаар хилийн буюу DAP нөхцөлийн борлуулалтын үнийг 12-оос дээш хувиар нэмэгдүүлсэн. Ачаа тээврийн эргэлтийг сайж­руулах зорилгоор Монголын хөрөн­гийн биржээр итгэмжлэгдсэн терминалынхаа тоог хоёроор нэмэгдүүлж дөрвөн терминалтай боллоо. Тээвэрлэх хүчин чадлаа 300-гаар нэмэгдүүлэн өнөөдрийн байдлаар 500 вагон экспортын тээвэрлэлт хийж байна. Асуудал харьцангуй жигдэрсэн гэж хэлж болно. 

-Цаашид үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд техно­логийн ямар шинэ шийдлийг нэвт­рүү­лэхээр зорьж байна вэ?

-Технологийн шинэ шийдэл гэхээс илүүтэй үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой явагдах нөхцөлд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, 1995 оноос хойш анх удаа геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж Төмөртэйн уурхайд Жорк стандартын дагуу ашиглалтын үеийн геологи хайгуулын өрөмдлөгийн ажлыг 55 цооног 7.880 тууш/ метрийг хийлээ. Төмөртэйн уурхайд гидрогеологи, геотехник болон судалгааны бусад ажлыг хийж байна. Төмөртолгойн уурхайн ТЭЗҮ-ийн нэмэлт тодотголыг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр саяхан хэлэлцүүллээ. Компанийн хэмжээнд инженер техникийн ажилтан, ажилтнуудын Бүтээмж чанарын дугуйлан байгуулж үйлдвэрлэлийн техник технологийн үйл ажиллагаанд шинэ загвар бий болгох, гадаад түүхий эд, сэлбэг материал, тоног төхөөрөмж, машин механизмыг орлуулан хийх, өртөг зардлын хэмнэлт, тоноглолын бүтэц, технологийн процессыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн эдийн засгийн ашиг, үр өгөөж гарган үйлдвэртээ хоёр тэрбумын хэмнэлт гаргаж өгсөн багуудад анх удаа бүтээмжийн хөтөлбөрийн үр дүнгийн 178.1 сая төгрөгийн урамшуулал олголоо. Энэ мэтээр манай хамт олон үйл ажиллагааныхаа амжилттай төлөвийг бататгахаар зорьж л явна. 

-Засгийн газраас зарлан хэрэг­жүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Аж үйлд­вэрийн сэргэлтэд хэрхэн манлай­лал үзүүлж ажиллах вэ. Энэ том бодлоготой үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулан ажиллаж байна вэ?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК бол Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, гангийн үйлдвэрлэл бүхий манай үндэсний томоохон компани. Байгалийн баялагтаа түшиглэн 100 гаруй жил олборлолт, баяжуулалт хийж эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой. Компанийн мэдэлд 229.3 сая тоннын нөөц бүхий Төмөртэй, 25 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн уурхайнууд, 12.6 сая тоннын нөөц бүхий нээгээгүй Хуст-Уулын орд газар, жилд 100 мянган тонн ган хайлуулах хүчин чадалтай үйлдвэр бий. Дотоод зохион байгуулалтын асуудлаа нэлээд жигдрүүлээд ямар ч байсан үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа учраас одоо том төсөл рүүгээ анхаарлаа хандуулж чадахаар болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” Дархан ҮТП төслийн гол зорилго бол байгалийн баялгаа хагас боловсруулснаар нь гадагшаа гаргалгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах явдал. Гангийн үйлдвэрлэлийн технологи, хөгжлөөрөө тэргүүлж байгаа дэлхийн томоохон компаниуд энэ төслийг сонирхож байгаа. Тухайлбал, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Канад улсын салбартаа тэргүүлэгч томоохон компаниуд байна. Бид манай улсад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж сайтай, байгальд ээлтэй, урт хугацаанд үр ашгаа өгөх тэр хөрөнгө оруулалтын хувил­барыг сон­гохын тулд сонирхогч талууд­тай уулзаж саналыг нь сонсох, судлах ажлууд нэлээд явуулж байна. За ингээд хөрөнгө оруулалтаа улсдаа ашигтай байдлаар шийдчихвэл эх орныхоо төмрийн хүдрээс импортыг орлох эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлээ хангах боломж бүрдэнэ гэсэн үг. Төслийг дагалдан шинээр 1600 гаруй ажлын байр нэмэгдэж татварын орлого их наяд төгрөгөөр хэмжигдэж эхэлнэ. Жилд сая тонн иржгэр ба гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдана. Шинэ гангийн үйлдвэрийг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хөгжих боломж бүрдэж, ширмэн цутгуур, төмөр утсан хийц, металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам, цементийн үйлдвэрт ашиглах, барилга, өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой. 

-Монгол Улсыг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх талаар төр, засгийн төдийгүй бүхий л түвшинд ярьж байна. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа өргөтгөх, төвийн бүсийн тулгуур үйлдвэр болох чиглэлд ямар алсын хараатай ажиллаж байна вэ?

-Улс орны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх арга хэлбэр нь эдийн засгийн орон зайн зохион байгуулалтаас ихээхэн хамаардаг. Манай улсын хувьд бүсчлэн хөгжүүлэх арга хэлбэрийг сонгож, тухайлбал төвийн бүсийн Дархан-Уул аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарыг аж үйлдвэрлэл, шинж­лэх ухаанд түшиглэсэн хоёр дахь суурьшлын төв болгон хөгжүү­лэхээр зорилтуудаа тусган ажил­лаж байна. Энэ зорилтод Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах, дээд боловсрол, үйлд­вэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан. “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн стратегийн хүрээнд дэвшүүлсэн үйлдвэрлэл, технологийн паркуу­дыг барьж байгуулах зургаан том төслийн нэг нь манай Ган үйлдвэрлэлийн цогцолбор Дархан ҮТП төсөл. Үйлдвэр технологийн паркууд ашиглалтад орсноор эрдэс баялгаа түүхийгээр нь экспортолдог байдлыг халж катодын зэс, ган бэлдэц, шохой, кокс тэргүүтэй олон нэр төрлийн нэмүү өртөг шингэж, төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн эцсийн бүтээгдэхүүн экспортод гарч, эдийн засаг сууриараа тэлж, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм. Тийм ч учраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК төвийн бүсийн голлох, үйлдвэр технологийн парк болон өргөжих, бүр тодруулж хэлбэл, аж үйлдвэрийн шинэ сэргэлтийг хийх түүхэн цаг үед ирээд байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан