Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр муу менежер биш

Төмөр хэмээх металлыг үйлдвэрлэлд олж нээсэн нь хүн төрөлхтний түүхийг үсрэнгүй хөгжлийн үүдэнд авчирсан гэхэд хилсдэхгүй. Энэ гайхалтай металл ахуйн эдлэл болон дайн тулаан, ан авд чухал үүрэг гүйцэтгэх болсноор хэрэглээнийх нь хөгжил зарим нэг хүний тархины хөгжлөөс илүү хурдтай байлаа. Монгол орны хувьд МЭӨ Vll зуунаас энэ нутагт оршин суугчид төмрийн үед шилжиж орсон гэдэг. Үүнийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт байх “Шар дов” гэдэг газраас олдсон төмөр хайлуулдаг зуухны үлдэгдэл нотолдог байна. Тухайн үед төмрийг “Бух дарах” гэдэг аргаар хайлуулдаг байсны ул мөр юм. Төмрийг нээснээс хойш түүхийн бүхий л үед ган, төмрийн үйлдвэрлэл тухайн улс орон болон дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг болж улс орны төр, засаг ч үүнд онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Нэг үгээр хэлбэл, стратегийн чухал бүтээгдэхүүн гэсэн үг. Тэгвэл яагаад төмрийг ийн онцгойлон авч үзэх, төр засгийн хэмжээнд ач холбогдол өгөх ёстой болов гэдэг асуулт урган гарна. Шинжлэх ухааны хувьсгалаас өмнө төмөр гэх энэ хатуу металл зөвхөн дайн тулаан, ан авд онцгой түгээмэл хэрэглэгдэж, ахуйд багахан нэвтэрсэн тухай дурдсан. Харин орчин үеийн технологийн дэвшил энэ металлыг хүссэн хэмжээ, дүрсэндээ оруулж түгээмэл хэрэглээндээ нэвтрүүлэх боломжийг бидэнд нээж өгсөн юм. Технологийн үсрэнгүй хөгжил төмрийг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргах боломжийг олгосноор металлургийн салбар дэлхийд ноёлж байсан үе бий. Металлургийн ноёрхол аж үйлдвэржилтийн эринийг хүн төрөлхтөнд авчирч хөгжлийн түүхийг орвонгоор нь эргүүлэв. Ингэснээр төмрийн үйлдвэрлэл дэд бүтэц, технологийн шаардлагатай, өндөр чанартай материалаар хангадаг болсон нь хожуу модерн үеийн соёл иргэншлийн тулгын чулуу болсон юм. Үүний үр нөлөө янз бүрийн салбарыг дам болон шууд утгаар хамарч эдийн засгийн хөгжил түүнийг дагасан эерэг үзүүлэлт болдог ажлын байр олноор бий болж эхэлжээ. Маш өргөн хүрээ, олон салбарыг хамарсан төмрийн худалдаа арилжаа дэлхий, бүс нутгийн интеграцад болон улс орнуудын эдийн засагт экспорт, импортоор ДНБ-д нөлөөллөө үзүүлсээр байдаг. Ийм учраас Засгийн газрууд энэ хатуу металлд онцгой анхаардаг. 

Монгол оронд төмрийн хэрэглээ болон үйлдвэрлэл зохих түвшинд байсаар иржээ гэдгийг дээр өгүүлсэн. Орчин үеийн төмрийн бэлдцийн үйлдвэрлэл анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан, Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсанаар эхэл­жээ. Ийнхүү Монгол Улсдаа төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том үйлдвэрийн суурь тавигдсан юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” металлыг даралтаар боловсруулж цувимал бүтээг­дэхүүн үйлдвэрлэх технологид суурилсан үйл ажиллагаа­тай Монгол Улсын металлын сал­барын хамгийн том ган үйлдвэрлэгч. Дархан, Сэлэнгийн сав газарт байх Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг 2009-2010 онд эдийн засгийн эргэлтэд оруулж ил уурхайн аргаар хүдэр олборлож эхэлжээ. Олбор­лосон хүдрээ хуурай орчинд боловсруулах технологиор баяжмал үйлд­вэрлэн экспортолж улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж эхэлсэн байдаг.  

 

 

Бүтэлгүй оролдлогын паян

 Монгол Улсын Засгийн газар 2010 оноос эхлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах санаачилга гаргажээ. Санаачилгын дагуу “Кью эс си” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 онд 48 сая, 2011 онд 49 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьж, оруулсан хөрөнгө оруулалтдаа төмрийн хүдрийн баяжмал авах гэрээ хэлцэл хийжээ. Ийнхүү 2013 оноос эхлэн концессын гэрээ байгуулах саналыг тухайн үеийн Засгийн газар “Кью эс си” компанид тавьж, хэрэгжүүлэхээр болов. Концессын гэрээ албан ёсоор 2014 онд байгуулагдсан ч 2015, 2016 онуудад бай­гуулсан гэрээндээ тодорхой өөрчлөлтүүдийг оруулах процесс явжээ. Уг гэрээний өөрчлөлтийн дагуу компани хоёр төрлийн төсөл хэрэгжүүлснээ Монголын төрд хүлээлгэж өгөөд төсвөөс 240 тэрбум төгрөг гаргуулж авсан. Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоол 240 тэрбум төгрөгийн концессын төлбөр хууль зөрчсөн гэж дүгнээд буцааж төрд төвлөрүүлэх үүрэг өгөв. Тогтоолын шийдвэр хэрэгжээгүйн улмаас 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргаж концессын гэрээг цуцалж, төр өмчөө авчээ. 

Төрийн зангараг

 Төрийн өмчийг хувийн хэвшлийн хөрөнгөөр өөд татах гэсэн бүтэлгүй оролдлогын паян товчхондоо ийм. Засгийн газар ажлын хэсэг байгуулан өөд нь татуулах гэж өгсөн үйлдвэртээ шалгалт хийтэл 2014-2021 онд “Өөд нь татаад өгье” гэж амласан этгээд хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил, шамшигдуулалт гаргасан байх аж. Түүгээр ч зогсохгүй өөд нь татагчид үйлдвэрийн урсгал засварын ажлуудыг хойш тавьж үйлдвэрийн хүчин чадлыг даруй 80 хувиар бууруулсан, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын засварыг тогтмол хугацаанд нь хийгээгүйгээс парк ашиглалт дөнгөж 36 хувьтай байжээ. Өдөр тутмын үйлчилгээнд зориулагдах тос, тосолгоо, сэлбэг хэрэгслийн дотоодын ханган нийлүүлэгчдэд тавьсан өр төлбөрийн хэмжээ 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байх хэр нь үл хэрэглэгдэх сэлбэг хэрэгслийг 1.3 тэрбумаар худалдаж авсан баримт үзүүлсэн байдаг. Жишээ баримтын өчүүхэн хэсэг ийм. Нөгөө “Хүрээний бузрыг ухвал далай далай” гэдэг шиг сэжүүрээс сөхсөн төдий. Хүний юманд хүрз барьсан тонуулчин шиг өөрийн юманд өндгөө дарсан бүргэд шиг аашилсан хувийн хэвшлээс төр өмчөө авахаас өөр арга үлдээгүй нь мэдээж. 

Монгол Улсын Засгийн газар өмчөө эргүүлэн авч хүнд нөхцөл байдлын улмаас зогсонги болсон үйлдвэрлэл, уурхайн үйл ажиллагааг жигдрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлснээр тухайн оныхоо наймдугаар сард уул уурхайн олборлолтыг сэргээж, есдүгээр сард гангийн үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.  

Санхүүгийн нэн хүнд нөхцөлөө хэвийн горимд оруулахын тулд удирдлага менежментийн баг 2021 оны аравдугаар сараас зогсоод байсан экспортыг галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шуурхай шийдвэрлэснээр 2022 оны арваннэгдүгээр сарын 19-нд эхний ачилтаа хийв. Төмрийн хүдрийн үнийг олон улсын зах зээлд уялдуулан харилцагч талуудад бизнесийн харилцан ашигтай үнийн систем боловсруулан гэрээ хийснээр экспорт эхэлснээс хойших эхний долоон сарын хугацаанд 18 сая ам.долларын борлуулалт хийж чаджээ. Хаягдал төмрийн нөөц тасалдаж, түүхий эдийн хомсдолд орж зогсоод байсан гангийн үйлдвэрийг түүхий эдээр хангах ажлын шуурхай хэсэг гарч, төрийн өмчийн компаниудын хаягдал төмрийг цуглуулах ажлыг зохион байгуулж, төвийн бүсэд хуримтлагдсан хаягдал төмрийг татан төвлөрүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар гангийн үйлдвэрийн ажил жигдэрч төлөвлөгөөгөө сар бүр биелүүлж эхэлсэн байна. Гангийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хаягдал төмрийн нөөцийг 9.4 сараар бүрдүүлснээр ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтворжиж, сүүлийн таван жилд хийгээгүй их засварын ажлыг 2023 оны наймдугаар сард 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэснээр үйлдвэр­лэлээ 50 хувиар өсгөжээ.  

2023 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 36 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан байна. Энэ нь ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь өмнөх онтой харьцуулахад 49 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Уул уурхайн үйлдвэрлэлээрээ 1,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 936,8 мянган тонныг экспортлон уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 270 гаруй  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 2023 онд 40 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа Дарханы төмөрлөгийнхөн бахархалтайгаар хэлж байна. Төрийн менежментийг хэрэгжүүлж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 49,5 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 30,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.  

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хаалгаар ороод эхний тааралдсан ажилчны сэтгэгдлийг сонсоход л “Өөд нь татагчид”-ын гарт байхад байдал ямар байсныг толгой сэгсрэн өгүүлэх ажээ. Уул уурхайн сал­барын ажилчдын дундаж цалин хөлснөөс хэд дахин доогуур хөдөл­мөрөө үнэлүүлсэн ажилчид, дуртай ажлаа орхисон нь цөөнгүй гэнэ. Компанийн удирдлагын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байсан цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж өнгөрсөн жил гаруйн хугацаанд 74 хувиар нэмэгдүүлж, дундаж нь хоёр сая орчим төгрөг байсан цалин өнөөдөр 3.3 сая төгрөгт хүрээд байгааг төмөрлөгийн ажилчид ам булаалдан ярьж байна. Түүнчлэн жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг өнгөрсөн жилүүдэд гурван удаа олгожээ. 

Эргэн сэргэлтийн өгөөж эх орны бүтээн байгуулалт өрнөж эхлээд буй цаг үед төмөр, ган үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрсэн нь таатай мэдээ. Барилга байгууламж, зам гүүрийн бүтээн байгуулалт, мөн эдгээрт ашиглах төмөр бетон хийц үйлдвэрлэлийн салбарт зайлшгүй хэрэгцээтэй түүхий эд. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьд хаягдал төмрийг хай­луулан барилгын арматур, ган бөмбөлгийн бэлдэц үйлдвэрлэдэг.  

 

Ган бөөрөнцгийн бэлдэц үйлд­вэрлэл 2023 онд 24.4 мянган тонн бэлдэц үйлдвэрлэж 80 гаруй  тэрбум төгрөгийн борлуулалт хийх гэрээ “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан. Энэ нь өмнөх оныхоо борлуулалтаас даруй 20 гаруй тэрбумаар өсгөсөн үзүүлэлт юм.  

Төр өмчөө буцаан авснаар ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх зүйн заалтыг мөрдлөг болгож, “Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд” гэсэн зарчмыг эрхэмлэн Монгол Улсын ХАБЭА-н холбогдох хууль, дүрэм журмыг үйл ажиллагаандаа энэ хамт олон хэвшүүлэн ажилласны нэг үзүүлэлт бол 2,9 сая хүн/цаг үйлдвэрлэлийн осолгүй, өмчийн эвдрэлгүй ажилласан явдал. Төр муу менежер гэдэг ойлголтыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т болсон үйл явдлын дараалал эвдлээ. Төрийн өмчийг үнэгүйдүүлж нийгмийн өмч хөрөнгийг “Өөд нь татах”-ыг хүсэгчдэд сайн жишээ болж байгааг өгүүлэн суухад таатай байна. Үйлдвэр, уурхайн хэвийн ажиллах нөхцөлийг төр бүрдүүлээд зогсохгүй юм. Олон жил яригдаж бараг улиг болчихоод байсан “Ган үйлдвэрлэлийн цогцолбор-Дархан ҮТП” төслийг Дарханд төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэхээр ажилдаа ханцуй шамлан орлоо. Төмрийн салбарт үргэлжилж буй энэхүү судалгаа, боловсруулалт олборлолт зэрэг нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх технологийн дэвшилд хүргээд зогсохгүй улсын хөгжилд шууд түлхэц болох нь дамжиггүй. Металлургийн хөгжлийн үе шат бүр нь технологи, инновацад хувь нэмэр оруулах хурдасгуур нь болог.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан