Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
- СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?
- Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.
Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан.
Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.
- Уг хуулийн төсөлд яг ямар заалтууд орж ирж байгаа юм бэ?
- Бидний боловсруулсан хуулийн төслөөр нэн тэргүүнд иргэдийн өмч болох орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан.
Түрүүн хэлсэн хууль өнөө цагийн шаардлагыг хангахгүй байгаагийн нэг жишээ бол ирц бүрдэхгүйн улмаас СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлаа хийж чадахгүй, үүнээс болж уг хурлаар шийдвэрлэх ёстой асуудлыг гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлж шийдвэрлэх, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх захирлыг өөрчилж чадахгүй явдал түгээмэл байна.
Харин бид шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно.СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, бусад удирдах албан тушаалд тухайн орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд, уг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллахыг хориглохоор тусгасан байгаа.
- Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?
- Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна.
Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5,360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.
- Орчны газрыг бусдад эзэмшүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Орон сууцны байшингийн орчны газар гэдэг нь тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар. Энэ бол оршин суугчдын хувьд хамгийн чухал асуудлын нэг.
Гэтэл хамаг орчны газраа алдаад дууссан. СӨХ хуулийн этгээдийн эрхгүй тул албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа нь ч үүнд нөлөөлж байна. СӨХ-ны гүйцэтгэх захирал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг.
Хэдэн зуу, мянган оршин суугч, иргэдээ төлөөлж СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэг, хоёр, тав, арван хүн СӨХ-ны гүйцэтгэх захирлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрс ялгаатай шүү дээ. Иймэрхүү хуулийн зохиомол хязгаарлалт, ойлгомжгүй зохицуулалтын улмаас иргэд маш их зүйл алдсан байна. Сонирхолтой жишээ ч бас байна.
- Ямар жишээ байна вэ?
- УИХ-аас 2005 онд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолыг баталж, орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, баталгаажуулахыг Засгийн газарт даалган, энэ ажлыг дуусах хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг зогсоохыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг.
Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй. Үр дүн нь өнөөдөр тоглох тоглоомын талбайгүй хүүхдүүд, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн иргэд оршин сууж байгаа шавааралдсан байшингууд. Ер нь ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам. автомашины зогсоол байх учиртай орчны газраа оршин суугч, иргэд эрх мэдэлтнүүдэд алдсан. Одоо бид бүх боломжоороо үүнийг засах ёстой.
- СӨХ-ны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байна вэ?
- Тулгамдсан асуудлын нэг мөн. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон байна.
Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм. Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 1676 СӨХ. нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна. Эдний дунд хариуцлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон СӨХ олон бий.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль. алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна.
- Нөгөө талдаа СӨХ-ны хариуцлагыг хэрхэн зааж өгсөн бэ?
- СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно. Ногоон байгууламжаа арчилдаггүй, цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хийдэггүй, гэрэлтүүлэггүй, харанхуй, явган хүний замгүй, ундуй сундуй, тоглоомын талбай нь эвдэрхий тул хүүхдүүд гэмтэж, бэртдэг ийм замбараагүй байдлыг энэ хуулиар хална.
Нэгэнт ажил хийнэ гээд СӨХ-г удирдаж байгаа бол ажлаа бүрэн дүүрэн, чанартай, стандартын дагуу хийх ёстой. СӨХ-ны гишүүд ч төлбөрөө цаг хугацаанд нь төлж, үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн төсөлд СӨХ-ны гүйцэтгэх захирал улирал тутам холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах бөгөөд тайланг оршин суугч, иргэдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулахаар тусгасан.
- СӨХ-дыг төрийн босоо бүтцэд оруулж дараагийн ОСНАА болгох нь гэх шүүмжлэл байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
- Ташаа мэдээлэл байна. СӨХ-ны бүтэц, зохион байгуулалтад төрийн оролцоо байх ёсгүй. Энэ талаар хуулийн төсөлд ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй. Хуулийн төслийг уншаагүй зарим нэг нөхөд ташаа мэдээлэл тараасан байна лээ. Сонгууль дөхөж байгаа нь ч нөлөөлж байгаа болов уу.
Шударга санал, шүүмжлэлийг бид хүлээн авч, хуулийн төслөө сайжруулна. Энэ чиглэлээр судлаач, хуульчид СӨХ-д, иргэдтэйгээ хамтарч ажиллаж байна. Хуулийн төслүүд манай Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байгаа тул Та бүхэн танилцаж, саналаа ирүүлээрэй.
- Хуулийн төсөлд бүх СӨХ-г нэгтгэсэн сан байгуулж төр удирдана гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
- Уучлаарай. Бас л ташаа мэдээлэл байна.
Нийтийн зориулалттай орон сууцны 8,000 гаруй байшин бий. Энэ байрнууд цагийн уртад элэгдэж, муудна. Тэр үед их засвар, арчлалтыг хэрхэн хийх вэ? СӨХ-нуудад хуримтлал алга, тэд цэвэрлэгээ, харуул, хогны асуудлаа л чадан ядан шийдэж байна. Одоо бол улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бага. багаар шийдэхээр оролдож байна. Хэн хөөцөлдлөгөө сайтай УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй нь бүрэн бус ч гэсэн шийдүүлж чадаж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл биш.
Ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй байна. Уул нь энэ асуудал бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, бас хотын өнгө үзэмжтэй шууд холбоотой, онцгой анхаарал хандуулах учиртай асуудал. Т ийм учраас орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой.
Иргэд, СӨХ-нууд ч хуулийн төсөлд тусгасанчлан Хяналтын зөвлөл байгуулж, хатуу хяналт тавьж ажиллах нь зөв гэж үзэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар. арчлалтын сангийн менежментийг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил сонгон шалгаруулалтаар хариуцаад явах боломжтой юм. Энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа. Дахин хэлэхэд, энэ бол хуулийн төслийн эхний хувилбар. Олон талаас нь ярилцаж, санаагаа уралдуулж, зөвшилцөж. оновчтой зөв хувилбар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.