"Урт цагаан байсан суурин дээр урд талын дөрвөн эгнээ зогсоолыг нэгтгэж, Улаанбаатарт хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулна" гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Гэвч мэргэжлийн судлаачдын зүгээс энэ газар ногоон байгууламж нэртэй бетонон авто зогсоол барихаар болсныг шүүмжилж байгаа юм.
Харин иргэд тал талын байр суурийг илэрхийлжээ. Доороо зогсоолгүй шууд ногоон байгууламж барих, ойрооцоох оршин суугчдых хувьд дулаан зогсоол барих нь зүйтэй гэсэн байна. Урьдчилсан тооцооллоор 198 машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах эхний ээлжийн зураг төслийн талаар яригдаж байгаа аж.
Хэрэв доороо зогсоол хийхгүй шууд ногоон байгууламж хийвэл төсөвт өртөг 20 дахин хямд тусна. Харин зогсоол тусгайлан шийдэж, зорчих хэсгийг тунель хэлбэрт шилжүүлж тохижуулбал зардал харьцангуй өндөр гарна гэдгийг албаныхан мэдээлсэн.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД СУДАЛБАР ЗУРГУУДЫГ БАЙРЛУУЛНА
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байдаг.
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм.
Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа гэв.
"УРТ ЦАГААН"-ЫГ ШИНЭЧЛЭХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ 2020 ОНД ЗАРЛАЖ БАЙВ
Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Харин судлаачдын зүгээс энэ барилгыг нураалгүйгээр дахин сэргээн засварлах бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны эхний шалгаруулалтын дүнг 3020 онд танилцуулж байв.
Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 бүтээл ирсэн байдаг.
Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд “Монгол Архитектур” ХХК-ний бүтээл, гуравт “Маза Эм эй Зэйт Эй”-ийн бүтээл шалгарч өргөмжлөл, таван сая төгрөгөөр тус тус шагнуулсан юм.