Дулааны эрчим хүчээ хангахад нүүрсний хэрэглээг ойрын жилүүдэд халах боломжгүйг ЭХЯ мэдээлэв.
Монгол Улс цахилгаан эрчим хүчээ ногоон болгох боломжтой ч дулааны эрчим хүчээ хангах нүүрсний хэрэглээг ойрын жилүүдэд халах боломжгүй байгааг Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий “AmCham Mongolia”-ийн ээлжит хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.
Энэ утгаараа эрчим хүчний шилжилт хийхэд дулааны болон цахилгааны гэж хоёр салангид төлөвлөлт хийгдэж байгаа нь олон улсын байгууллагуудтай зөрж байгаа явдал гарч байгааг онцолж байв.
Сүүлийн байдлаар гурван салхин цахилгаан станцын техникийн хүчин чадал нь 50 хувьд хүрсэн нь цахилгаан эрчим хүчээ ногоон болгох потенциал байгаа болохыг тодотголоо. 2023 оны аравдугаар сарын байдлаар цахилгаан, эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлж байсан юм.
Харин “Дулааны эрчим хүчийг хангахад сүүлийн 60 жилийн хамгийн хүйтэн 10 хоногийн өдрийн дундаж хүйтний үзүүлэлтээр тооцдог. Энэ нь -39 градус байна. Иймд энэ хэмжээний дулааныг хангахад ойрын хэдэн жилд нүүрсэнд суурилсан технологийг хэрэглэхээс өөр боломж хомс байгаа”-г Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий онцлов.
Мөн “Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах нь нэн чухал сорилт. Иймд хөрөнгө оруулагчдыг татахад зохицуулалтын тогтвортой байдал, эрчим хүч хэрэглэгч хүн бүр, иргэний нийгмийн оролцоо чухал байгаа”-г хэлэлцүүлэгт оролцсон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид тодотгосон юм.
Эх сурвалж: www.bloombergtv.mn
“Ньюком групп”-ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг