Цагаан сараас өмнө ногдол ашгаа авахыг шаардсан ахмадууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, нүцгэллээ.
Иргэн Г.Хажидмаа "Ард түмнийг баялагт нь эзэн болгоход хамтарч байгаа ахмадуудад баярлалаа. Бид нар 2 жил шаардсаны үндсэнд ногдол ашгийг Монголчуудад өгдөг байх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа өгсөн. Их хуралд сууж байгаа хүмүүс Монгол хүмүүс мөн үү. Нийт хүн амын 75 хувь ядуу байхад Засгийн газар руу оруулсан тогтоолыг өөрчилж, иргэдэд ашиггүй болгосон учраас бид аргагүй эрхэнд Нүцгэн үнэнийг илэрхийлж байна.
Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хөндөгдөөгүй байна. Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгохыг эсрэг байна. Тиймээс бид Ерөнхийлөгчид хандаж шаардлага хүргүүлнэ. Ерөнхийлөгч Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгоно гэж амалсан. Гэтэл гишүүд нь энэ амлалтын эсрэг шийдвэр гаргажээ" гэв.
Мөн түүнчлэн "Манай хөдөлгөөнийхөн дээрх тогтоол төсөлд хориг тавихыг шаардаж байна. БЭТ Ж.Ганбат 116 мянган төгрөг өгнө гэсэн. Энэ мөнгөөр хоёр кг ааруул ч авч хүрэхгүй. Оны өмнө 500 мянган төгрөг өгөх боломжтой гэж ярьчихаад цагаан сар дөхөхөөр ийм мөнгө гэж бууруулсан байна шүү дээ.
Монголд олон намууд байна. Ардчилал хүний эрхийн төлөө нийлж нэгдэж чадахгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг хар, ядарсан иргэд дээр нэг ч нам ирж нэгдсэнгүй. Ард түмнийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгоё гэж шаардсан хэрнээ хэн ч ирж эвлэлдэн нэгдэж, ногдол ашиг дээр нийлэхгүй байна. Бид нарын баялагтаа эзэн байх хөдөлгөөн цаашдаа тууштай тэмцэж явна. Ингээд орхихгүй. Цаашид алтан хувьцааг амь оруулахыг шаардана" гэв.
Ахмадууд "Бид нүцгэн үнэнээ ярих гэж ирсэн. Ерөнхийлөгч маань хэлсэн үгэндээ эзэн идсэн хоолондоо сав болоочээ. Засгийн газрын тэргүүн утсан хүүхэлдэй юугаа ч мэдэхгүй утсан хүүхэлдэй юм байна. Энэ хулгайчуудыг гарч ирэхэд бид солих хувцастай байсан. Өнөөдөр бүр солих ч хувцасгүй иргэд нүцгэн байна. Юу үнэн байна нүцгэн байгаа нь үнэн шдээ. У.Хүрэлсүхээ одон медиалаа тарааж дууссан бол амьдрал дээрээ бууж ирээ. Бид дандаа нүцгэн явна шүү. Одоо өгнө гээд 116 мянган төгрөгөөр шуудай гурил ч ирэхгүй шүү дээ. Ардын намынхан анх иргэн бүрт 2 сая төгрөг өгнө гэж амалж байсан тэр амлалтадаа хүрээчээ.
ЭТТ компанийнхан хоёрдугаар ээлжиндээ орчихсон байна. Тэд яагаад ард түмэндээ ногдол ашгийг нь эв тэнцүү хуваагаад өгчихөж болдоггүй юм бэ. Төрийн ордонд попроод суугаад байгаа нөхдүүд сонгууль дөхөхөөр ногдол ашиг ярьж эхэллээ. Яагаад 2 3 жил чимээгүй суучихаад одоо гэнэт ярьж эхэлж гэнэ. Ийм байж болохгүй ээ. Одоо энэ ахмадууд харахад дээл өмссөн байгаа мэт харагдавч цаанаа бол нүцгэн байгаа шүү. Цагаан сараас өмнө 580 мянган төгрөгөө заавал авна шүү. Сонгуулийн дараа бол авахгүй шүү та нарын хуучин арга барилыг бид сайн мэднэ" хэмээн уурлав.
Харааны бэрхшээлтэй иргэн "Өчигдрийн гарсан шийдвэрийг зурагтаар сонслоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд хаачсан бэ. Ерөнхийлөгч бас дуугардаггүй. ХНХЯ бас хаачив. Хуулиар нь хавчих юм, үг үзэл бодлоо илэрхийлэхээр хэв журам зөрчсөн гэж торгоно. Яачихсан нийгэм юм бэ. Бид ногдол ашгаа авмаар байна. Бид ядуу байна, өлсөж даарч, ядарч байна.
Бид шаардлага өгөх л эрхтэй. Өөр юм байхгүй, бүр хүлээж ч авахгүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногдол ашиг авах эрхгүй юм байна. Өгч байгаа тэтгэмж нь хүртэл инээдтэй байгаа шүү. Үнэхээр гомдож байна" гэлээ.
Тэд хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа нүцгэнээрээ гарч яваад Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр хөдөлсөн юм.