Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оноос хэрэгжиж эхлэх ХУУЛИУД

Шинэ он эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад хэд хэдэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх бол 2024 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж нэмэгдэж байна.

Хувиараа бизнес эрхлэгч нэг хувийн ХХОАТ төлнө

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон  иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны  нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм.

ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс байдаг.  2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг юм. Одоо хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой. 

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 4 хувиар бодно

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2024 оны хувь  хэмжээг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

1.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.

2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 6600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгөөр, мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 13200 (арван гурван мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус тогтоосон.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  тогтоолоор ХХДХ сард 660,000 төгрөг байхаар тогтоолоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай буюу Тендерийн хуулийг 18 жилийн дараа шинэчиллээ. Үүнд:

-Технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэх агуулгыг тусгажээ. Энэ хүрээнд тендерт оролцогчдын цахим мэдээллийн санг бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашиглах нөхцөл бүрдсэнээр тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдэг байдлыг хална.

-Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчдод шалгарсан оролцогчоос ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно.

- Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулна. Тендер шалгаруулалтын үндсэн таван арга буюу нээлттэй, харьцуулалтын, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн аргуудаар тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар баталлаа. Нээлттэй тендер шалгаруулалтын аргын хувьд тендер хүлээн авах хугацааг гадаадын этгээд оролцох боломжтой тендер шалгаруулалтад ажлын 20 өдөр, гадаадын этгээд оролцох боломжгүй тендер шалгаруулалтад ажлын 15 өдөр байхаар хугацааг шинэчлэн тогтоожээ. Түүнчлэн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үнэлгээний үндсэн гурван шалгуур байхаар хуульд тусгалаа. Харьцуулах үнэ буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг үнээр нь эрэмбэлэх, ашиглалтын хугацааны өртөг буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцох, чанар ба үнийн хосолмол буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад чанар ба үнийн шалгуурыг харгалзан тооцох гэсэн үнэлгээний шалгуурыг шинэчлэн тогтоосон.

-Эх оронч худалдан авалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, давуу эрх олгоход тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгаас зарласан тендер шалгаруулалтад оролцоход давуу эрх олгогдох бөгөөд энэ нь орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжрах, тогтворжих ач холбогдолтой.

Улс төрийн намд төрийн санхүүжилт олгоно

Долоон бүлэг, 45 зүйлтэй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

- намууд гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй байх, цомхон гишүүнтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс намын гишүүдээс дэмжигч (татвар төлдөггүй)-ийг салгасан бөгөөд нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх;

- Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах;

- намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх;

- намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох;

- нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх;

- нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах;

- Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах;

- төрөөс намд жил бүр төрийн санхүүжилтийг олгох;

- Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж улсын төсвөөс намуудад санхүүжилт олгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Парламентын 126 гишүүнийг сонгох Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохдоо холбогдуулж гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, гадаад улсад байгаа сонгогч санал өгөхтэй холбогдох журам, хугацааг хуульд тусган баталлаа. 

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төв болон салбар комисс байгуулагдан ажиллах бөгөөд төв болон салбар комиссын чиг үүргийг хуульд тодорхой тусгалаа. Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэнэ. Мөн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгагдсан. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах бөгөөд намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалт нэмж тусгасан.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар ашиглахаар хуульд тусгаж, тухайн самбарыг сум болон хороонд байрлуулах тоо, самбарт зурагт хуудас байрлуулах дараалал болон бусад шаардлагыг тогтоосон.

Улсын Их Хурлын сонгуулийн дүнг үндэслэн суудал хуваарилахдаа сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагыг хуульд тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан