Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 210 камер байгаагаас 92 нь аймгийн төв Даланзадгадад байгаа юм. Хяналтын камерууд замын хөдөлгөөний аюулгүй байдалд зориулан суурилагдсан байдаг.
Тэгвэл иргэд, оршин суугчид, сургууль цэцэрлэг, байгууллагууд, үйлчилгээний газрууд зэрэг хүн ам төвлөрдөг хэсгүүд, гэр хороолол гудамж талбай зэрэгт камержуулалтыг шат дараалалтай нэмэгдүүлж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор зарим сумдын төвийг камержуулж, хяналтын систем байршуулах ажлыг хийж байна.
Хяналтын камер шинээр суурилуулах, шилэн кабелийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлж, аймгийн хэмжээнд камержуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ!
Ирэх онд шинээр Шуурхай удирдлагын нэгдсэн төв буюу эмнэлэг, цагдаа, онцгой байдал гэсэн нэгдсэн дуудлага хүлээн авах төвийг аймагтаа байгуулахаар ТЭЗҮ-г Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд хүргүүлээд байна.
Мөн УБ хотын Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа, камержуулалтын "Ногоон бүс" төсөл буюу тухайн бүс нутгийг теле камерын бүрэн хяналтад авах, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, аймгийн төвийн хэсгийг жишиг болгох ажлыг хийж хэрэгжүүлнэ.
Хяналтын камерыг хоёр дахин нэмэгдүүлснээр гэмт хэрэг зөрчил буурах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ялангуяа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоог бууруулах, таслан зогсоох зэрэгт тодорхой үр дүнгээ өгөх юм.