Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Мөн үеэр зарим орон нутгийн замд их засвар хийх болсныг мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан "Манай улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай 7,477 км авто зам байна. Олон улс, улсын чанартай гэдэг нь нийслэлийг аймгийн төвүүдтэй, хилийн боомтуудыг аймгуудын төвүүдтэй, аймгийн төвүүдийг хооронд холбосон авто замыг хэлж байгаа. Нийслэл, орон нутгийн зам тусдаа яригддаг. Олон улс, улсын чанартай авто замын урсгал завсар, арчлалтын ажлыг улсын 20, хувийн 10 компани гүйцэтгэдэг. Урсгал засвар арчлалт нь өдөр бүр хийгддэг бөгөөд замын жижиг нөхөлт, тоос шороог арилгах, хагарлыг засах ажил ордог.
Энэ жил авто замын урсгал засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс хамгийн их гомдол ирдэг Дундговь аймгийн Эрээн овооноос цаашаа 98 км авто замын урсгал засварт нийт 700 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Энэ замын шинээр гарсан эвдрэлүүдийг тогтоож, хөдөлгөөн нэвтрүүлэх хэмжээнд хүргэх юм.
Тухайн чиглэлийн авто зам чанар муутай. Мөн даац хэтрэлт их байсан. Насжилт нь ээлжит засварын хэмжээнд хүрсэн. Гэхдээ оношилгоо хийгээд үзэхэд их засварын хэмжээнд хүрсэн байсан. Тиймээс 2024 онд дэлхийн банкны зээлээр тухайн чиглэлийн авто замд их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.