Францын нийслэл Парист маргааш ажиллагаагаа эхлэх Олон улсын автосалон өчигдөр орой сэтгүүлчдэд үүдээ нээсэн байна. Олон улсын болон францын хэдэн зуун сэтгүүлч Версалын хаалганы дэргэдэх үзэсгэлэнгийн танхимын 96 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэсэн дэлхийн болон европын шилдэг машинуудын эхний үзэгч болжээ. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 20 орны автомашин үйлдвэрлэгчдийн 270 гаруй машиныг дэлгэн үзүүлж байна.
Энэ жилийн хувьд 2008 оныхыг бодвол эдийн засгийн хямралын үед биш авто машин үйлдвэрлэгчдийн хувьд харьцангуй таатай нөхцөлд болж байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар Европ тивд гэхэд л энэ жил машин борлуулалтын хэмжээ өмнөх оноос 6-7 хувь буурах төлөвтэй байгаа юм. Автомашин үйлдвэрлэгчид энэ жил худалдаанд гаргах хамгийн шинэ шинэ сайн машинуудаа тавьсан байна. 2010 оны автосалоныг 1,4 сая хүн үзэж байсан юм. Парисын автосалон маргааш олон нийтэд үүдээ нээж аравдугаар сарын 14 хүртэл ажиллана.