Бурхан тэнгэр зарим хүнд эд баялаг заяагаад, заримд нь гоо царай, сайхан бие, заримд нь ухаан зөн билэг хуваарилсан байдаг. Энэ бүхэн нэг дор байх нь тун цөөн. Гэхдээ л бий. Тэдний дийлэнх нь жүжигчид, фото модель, загвар өмсөгчид байдаг. Бурхнаас бүх зүйлийг нэг дор “бөөндчихсөн” хүмүүсийг гадаадын нэгэн сайт тодруулжээ. Тэд сайхан царайнаас гадна тун ч муугүй бизнес сэтгэлгээтэй.
Жишээлбэл, жилд 350 сая ам.долларын ашигтай ажилладаг Кэти Айрлэнд. Тэртээ 1989 онд Америктаа алдартай фото модель байсан энэ бүсгүй насан туршдаа сэтгүүлийн хавтаснаа гараад байх боломжгүйг сайн ойлгодог байсан болохоор өөрийн гэсэн бизнестэй болохоор чармайжээ. Фото модель, загвар өмсөгчид гол төлөв өөрийн нэрийн брэнд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн зарах бизнес хийдэг. Кэти ч энэ жишээгээр явж “Kathy Ireland” гэсэн брэнд оймс, шар айраг худалдаанд гаргав. Түүний бизнесийг дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч гэгддэг Уоррен Баффет анзаарч маш үнэтэй зөвлөгөө өгсөн байдаг.
Хувцас, гоо сайхны бараа нь өрсөлдөөн маш өндөр учир өөр салбарт, жишээлэхэд тавилгын үйлдвэрт хүчээ үзэх нь илүү зөв гэж. Үүний дагуу Кэти хувцас үйлдвэрлэхээ болиод гэрийн тавилгын салбарт хүчээ үзэж эхэлжээ. Өдгөө 49 нас хүрээд байгаа гурван хүүхдийн ээж Кэтигийн удирддаг “Kathy Ireland Worldwide” нэртэй асар том корпорацын жилийн эргэлт нь хоёр тэрбум ам.доллар. Хөргөгч, сэнс, шалны хулдаас, гудаснаас эхлээд номын тавиур гээд 15 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргадаг. Гол төлөв цаг зав багатай бизнес хатагтай нарт ар гэрээ авч явах ажлыг нь хөнгөвчлөх зүйл үйлдвэрлэдэг.
Цаашилбал, жилд 250 сая ам.долларын ашигтай ажилладаг Жизель Бундхен байна. Дэлхийд алдартай энэ бүсгүй нэр, царайгаа ашиглаад тун ч дажгүй бизнес явуулдаг. Тэрээр өөрийн нэрийг брэнд болгож дотуур хувцасны цуглуулга, гутал худалдаанд гаргаж ийм ашигтай ажилладаг байна.
Энэ хоёроос гадна алдарт Синди Кроуфорд байна. Жилд 100 сая ам.долларын ашигтай ажилладаг.Тэртээ 1990-ээд онд од байсан одоо ч нэр нөлөөгөө алдаагүй. Гэрийн тавилгын дизайн хийх, фитнесийн видео хичээл борлуулах бизнес эрхэлдэг.
Топ модель Тайра Бэнкс жилд 90 сая ам.долларын ашигтай ажилладаг. Энэ бүсгүй загварын бизнест хүчээ үзэхээс гадна зурагтын нэвтрүүлэг хөтлөх, ном бичих бизнесийг давхар эрхэлдэг. Түүний хөтөлдөг “Америкийн топ модель” нэвтрүүлэг энэ салбартаа хамгийн алдартай нэвтрүүлгүүдийн нэг юм.
Кристи Бринкли гэдэг америк топ модель жилд 80 сая доллар олдог. 1980-аад онд Дэлхийн хамгийн алдартай фото моделиудын нэг байсан энэ бүсгүй бизнесийг тун ч гайгүй хөтөлж чаддаг гэдгээ харуулсан. Тэрээр загварын ертөнцөд хамгийн олон жилийн хугацаатай гэрээг байгуулсан юм. 1985 онд тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Cover Girl” компанитай 20 жилийн турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Өдгөө энэ компанитайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа төдийгүй өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, нүдний шил, алт, мөнгөн эдлэл худалдаанд гарган амжилттай борлуулж байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тун ч амжилттай ажиллаж байна.
Хайди Клум гэхэд л реклам сурталчилгаанаас гадна өөрийн нэрийн брэнд хувцас, амттан, гоо сайхны бараа, сүрчиг худалдаж жилд 70 сая ам.долларын ашигтай ажилладаг. Загвар өмсөгч Кэйт Мосс мөн л өөрийн нэрийн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж жилдээ 50 сая ам.доллар олдог.
Энэ мэтээр үргэлжлүүлээд байвал сүрдмээр жагсаалт гарна. 42 настай Наоми Кэмпбэл жилдээ 48 сая, 49 настай Эль Макферсон 45 сая, 42 настай Клаудиа Шиффер 40 сая, 43, настай Кристи Тарлингтон 18 сая, 57 настай Иман 25 сая, 36 настай Мила Йовович 35 сая ам.долларын ашигтай ажиллаж явна.