Тамхины хэрэглээнээс болж жил бүр 8 сая хүн нас бардаг.Бүр жил бүр шүү. Тодорхой хэлбэл багахан шиг хүм амтай нэг орон жил бүр газрын хөрснөөс арчигддаг гэсэн үг. Монголд ч энэ асуудал хэдийнэ аюулын харанга дэлдэж эхэлжээ. 2019 оны судалгаагаар манай улсад 4300 орчим хүн тамхинаас шалтгаалж нөгөө ертөнц рүү оддог гэсэн тоо бий. Гэхдээ энэ тоо 4 жилийн өмнөх тоо гэж байгаа. Бас дахиад нэг тоо хэлэхэд мөн л 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 насны хүүхдийн 14 хувь тэр дундаа хөвгүүдийн 21 хувь, охидын 6,9 хувь тамхи татдаг нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд бидний хэлж заншсанаар электрон тамхины хэрэглээ улам бүр өсч байна.Ялангуяа өсвөр насныхны хувьд. Хэдийгээр утаат тамхины тухай хууль хэрэгжиж олон нийтийн газар, албан өрөөндөө тамхи татахыг хориглосон хэдий ч электрон тамхи орон зайг нь эзэлж чадсан байх юм. Хамгийн харамсалтай нь электрон тамхи нь утаат тамхинаас илүү их хор хөнөөлийг эрүүл мэндэд учруулдаг байна.
Тамхины тухай ярихаар л тоо ярих хэрэгтэй болох юм. Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг. Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин их тохиолддог.
Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг. .Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.
Тамхинд байдаг хорууд
Тамхины утаанд агуулагддаг асар олон тооны хорны химийн нэршлийг нь хэлэхээр хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. Иймд ойлгомжтой болгох үүднээс эдгээр хорт бодисыг ашигладаг чиглэлээр нь нэрлэн сонирхуулж байна. Нэгийг бодно биз ээ.
-
Ус төрөгчийн цианид
-
Хийн хор
-
Бутан
-
Арсөний
-
Асаагуурын шингэн
-
Аммони
-
Цагаан шоргоолжны хор
-
Никотин
-
Шал цэвэрлэгч
-
Жоомны хор
-
Шавьжны хор
-
Толуни
-
Машины утаа
-
Нүүрсхүчлийн хий
-
Нафталин
-
Цагаан эрвээхэйн өндөг устгагч
-
Пуужингийн түлш
-
Мөтанол
-
Кадмиум
-
Машины зай
-
Ацетон
-
Будаг арилгагч
-
Үйлдвэрийн уусгагч
-
Тамхины бохь
-
Yнс
Тамхи татдаг хүний үйлдлээс болсон галын аюулыг мартахын аргагүй.
Жирэмсэн эхчүүд ба тамхины хор хөнөөл
2002 онд АДРА байгууллагаас хийгдсэн судалгаагаар, оюутнуудын 40 хувь, зөвхөн 12 настай хүүхдүүдийн 10-15 хувь нь тамхи татаж байна. Уушигны хорт хавдар -тай хүмүүсийн 87 хувь, зүрхний өвчин туссан хүмүүсийн 7 хувь, хөхний хавдар -тай хүмүүсийн 40 хувь нь тамхичид байна.
Жирэмсэн эмэгтэй тамхи татдаг бол, үр зулбах, амьгүй хүүхэд төрөх, зүрхний гажигтай, хялар, ам муруй, бие султай, хэлд удаан орох, орондоо шээх зэрэг гажигтай хүүхэд төрдөг байна.Энэ олон тоо нуршихын учир нь тамхитай холбоотой тоо ярьж байж л уншигч таны тархинд нэгийг бодуулах биз ээ.
Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Хоёрхон хоногийн дараа болох энэ өдрийг дэлхий “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор хийхээр болжээ. Өнөөдөр тамхины хор хөнөөлийн тухай ярьж буй шиг хүнсний, усны хомсдлын талаар ярих цаг ч хэдийнэ болжээ.Тийм ээ, бидэнд Тамхи биш хүнс хэрэгтэй.