Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагджээ. Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 14 тулгуур унасан байна. Үүний улмаас дээрх аймгуудын цахилгаан эрчим хүч хязгаарлагдаад байгаа юм.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад 18:37 цагт нийт 24 тулгуур унасан болохыг тогтоосон бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа юм. Иймд уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгааг Баянхонгор - Эрчим хүч ЦТ ХХК-аас мэдээлээд буй. Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж. Иймээс нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэхийг анхаарууллаа.