Төрийн уялдаагүй шийдвэр түмний бухимдлыг өрддөг жишиг
Засгийн газраас энэ оны төсвийн хуульд өөрчлөлт оруулж, цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ энэ долоо хоногт хэлэлцээд, эцэслэх аж. Ингэснээр, ирэх сараас цалин, тэтгэвэр нэмэгдэх бөгөөд бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах учиртай. Гэвч энэ ажил хэрэгжих шатандаа гацаатай хэвээр байна. Тодруулбал, сайд, дарга нар нэрэн дээрээ цалин, тэтгэвэр нэмнэ. Иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж байгаа ч өнөө хэр нь ямар байдлаар нэмэх, иргэд нэмэгдлээ яаж шалгах талаарх чиглэл гүйцэтгэх шатны алба хаагчдад ирээгүй байна.
Тодруулбал, нийт ахмадын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэх бол үүнээс гадна итгэлцүүрээр нэмэгдүүлнэ гэдгийг ХНХ-ийн сайд Х.Булгантуяа мэдээлсэн. Тэрээр тэтгэврийг нэмэхэд нийт ахмадын гуравны нэг нь хамрагдана гэсэн бөгөөд энэ ажлыг иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулна гэдгийг илэрхийлсэн юм.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлэхдээ “НДЕГ манай тэтгэвэр авагчдын мэдээлэл байдаг. Үүнтэй уялдуулаад иргэн та өөрийнхөө овог, нэр, регистрийн дугаарыг оруулахад таны тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэх вэ гэдгийг харж болно. Ахмадууд өөрийн мэдээллээ оруулаад тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харж болдог болно гэсэн үг. Мөн харьяа газрынхаа нийгмийн даатгал дээр очоод тооцуулж болно. Бид нэг бүрчлэн тооцооллуудыг нь нийгмийн даатгалын систем дээрээ хийгээд явж байна. Тун удахгүй ил болгоно. Ил болгосны дараа ахмадууд цахимаар тэтгэврийн нэмэгдлээ шалгаж болно" гэж мэдээлсэн юм.
Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байгааг болон ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ хэрхэн шалгах талаар НДЕГ-аас тодруулахад “Тэтгэвэр хэрхэн нэмэгдэхийг бид ч яг таг мэдэхгүй байна. Одоогоор дээд байгууллагаас чиглэл ирээгүй байгаа. Хэчнээн төгрөгийн тэтгэвэр авах боломжтойгоо шалгах боломжтой болохыг Сангийн яамнаас мэдээлсэн. Гэвч бид линк үүсгэх үүрэг бүхий алба хаагчид. Бидэнд ямар нэг чиглэл, мэдээлэл ирээгүй л байна. Тухайн мэдээллээс хойш манайхаас тусламж хүсэх иргэд маш их нэмэгдсэн. Харамсалтай нь ямар ч чиглэлгүй байгаа учир хүмүүст ямар мэдээлэл хүргэхээ мэдэхгүй байна” гэв.
Эндээс шийдвэр гаргах түвшин хийгээд гүйцэтгэх шатны алба хаагчдын ажлын уялдаа холбоог харж болохоор байна. Яг энэ янзаараа байвал хугацаа тулсан үед иргэдэд чирэгдэл учруулж, системийн ачаалал үүсгэж мэдэхээр байгаа юм.
Ирэх сарын 20-нд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Ирэх сард цалин, тэтгэвэр нэмэхээс гадна бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Тэгвэл энэ ажлын бэлтгэл хэр хангагдсан талаар болон иргэд хаана хандаж хүсэлт илгээх боломжтой талаар ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяраас тодруулсан юм.
-2023 оны төсөвт тодотгол хийснээр хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох нөхцөл бүрдэнэ. Мөн өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно гэдгийг холбогдох яамны сайд нар мэдээлсэн. Энэ ажил ямар шатандаа байгаа вэ, нийт хэчнээн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох вэ?
-Өнгөрсөн сарын байдлаар нийт 1 сая 154 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжил хамрагдсан. Үлдсэн 100 гаруй мянган хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Гэхдээ одоогоор төсөвт тодотгол хийх шийдвэр албажаагүй учир бид бэлтгэл ажлаа хийж байна.
-Хүүхдийнхээ хүсэлтийг эцэг, эхчүүд цахимаар өгөх үү. Бэлтгэл ажлаа хангаж байна гэдгийг дэлгэрүүлэхгүй юу?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй хүүхдүүд Ehalamj.mn сайт руу хүсэлтээ илгээнэ. Улмаар дансны мэдээллээ идэвхжүүлнэ. Харин өмнө нь хүүхдийн мөнгө авч байгаагүй, шинээр төрсөн хүүхдүүд дансны мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай.
-Хүүхдүүд хүсэлт гаргахаар систем ачааллаж, иргэдэд багагүй чирэгдэл учруулдаг шүү дээ. Тиймээс хүсэлт гэхгүйгээр хүүхдийн мөнгийг нь олгох боломжгүй байсан уу. Хүүхдийн мөнгөө хандивлах боломжтой гэх шийдвэрийн улмаас хүсэлт гаргах шаардлага бий болсон уу?
-Нийт 100 гаруй мянган хүүхдийн хүсэлтийг хүлээж авч, нөхөж олгох л асуудал байгаа. Тиймээс систем ачааллахгүй. Хүүхдийн мөнгөө авч байгаа эцэг, эхчүүд систем рүү нэвтэрч хүсэлт явуулах шаардлагагүй. Тиймээс тэдгээр эцэг, эх системд ачаалал үүсгэхгүй байх нь нэн чухал.
-Монгол Улсын Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэ долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэж, эцэслэх шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. Ийн төсөвт тодотгол хийчихвэл ирэх сараас хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэсэн үг үү?
-Тийм ээ. Зураадугаар сарын 20-нд хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох боломжтой. Бид үүнтэй холбоотой бэлтгэл ажлаа хийж байгаа. Шийдвэр албажсан даруй иргэдийн хүсэлтийг авна.