Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
А.Миеэгомбо: Оскарын шууд дамжуулалтыг хөтлөхсөн гэх мөрөөдөл минь 9 жилийн дараа биеллээ оллоо

Дэлхийн шоу бизнесийн хамгийн чухал арга хэмжээ болох Оскарын шагнал гардуулах ёслолыг Монголд шууд дамжуулах албан ёсны эрхийг Боловсрол телевиз аваад буй. Улаанбаатарын цагаар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өглөө 07.30 цагт эхлэх шагнал гардуулах ёслол, өмнөх улаан хивсний ёслолыг кино сонирхогчид Боловсрол телевизээс гадна Moviebox төрөлжсөн сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Дэлгэцийн урлагийн суутнууд бүтэн жилийнхээ өнгийг үзэж, чадал чансаагаа сорьдог энэхүү наадмыг Монголын үзэгчдэд толилуулахаар ажиллаж буй уран бүтээлчдийг төлөөлүүлж найруулагч, продюсер А.Миеэгомботой ярилцлаа.

Урлагийн наадмууд дундаас Оскар хамгийн нэр хүндтэй байдгийн учир юу вэ. Уг нь Америкийн кино академи хэмээх нэг л байгууллагын шагнал гэж ойлгогдохоор. Гэтэл дэлхий нийтээрээ Оскарын шагнал гардуулах ёслолыг чих тавин хүлээдэг болсоор удлаа?

Би ч оюутан ахуйдаа Оскарын наадмыг Олон Улсын кино наадам гэдэг ойлгоцтой явсан нөхөр. Оскарын шагнал гардуулах ёслолын үүх түүхээс судлаад үзэхэд Америкт кино урлаг хөгжөөд тодорхой түвшинд хүрлээ гэж үзсэн уран бүтээлчид Европын киночдоос өөрсдийн ялгарах онцлог, чадвар илүү гэдгээ харуулах наадамтай болохоор зорьж 1928 онд анхны ёслолыг зохион байгуулсан байдаг. “Европын их гурав” гэгддэг Канн, Венец, Берлиний кино наадмууд бүгд Оскараас дүү. 1928 оны анхны Оскарын наадам 12 номинацид шилдгээ шалгаруулж байсан бол кино урлагийн цар хүрээ тэлэхийн хэрээр наадам өргөжиж 24 төрөлд шагнал гардуулдаг болсон. Энэ жилийн тухайд 21 номинацитай явагдана.

Чухам яагаад Оскарын шагнал бусад арга хэмжээнээс илүү нэр хүндтэй вэ гэхээр 1928 оноос хойш 95 жилийн туршид тасралтгүй зохион байгуулсанд байгаа юм. Энэ нь ямар ч том Олон Улсын кино наадмаас илүү өвийг бий болгочихож байгаа юм. Үүнийг дагаад америкчууд урлагаар ноёлох том бодлого, системээ хэдийн тавьчихсан. Зөвхөн дотоодын бүтээлүүдээ тойрч эргэлдэх нь учир дутагдалтай гэдгийг хэдийн олж харсан тул бүр 1947 оноос “Гадаад хэл дээрх шилдэг кино” гэдэг номинаци нэмээд дэлхийн киночдыг өрсөлдүүлдэг болчихсон. Үүнд жил бүр 90-100 орон оролцож байна. Энэ жилийн 95 дахь удаагийн Оскарын наадамд л гэхэд 93 орон киногоо илгээсэн байх жишээтэй. Нэгэнт Европоос киногоороо илүүрхэнэ гэсэн том амбиц байгаа тул 1969 оноос хойш дэлхий даяар Оскарыг шууд дамжуулдаг уламжлалтай болсон. Кино урлагийн технологоос нь эхлээд үйлдвэрлэлд ноёлж байгаа Америкийн тэр л жишгээр дэлхий тэр чигээрээ замнаж буй учир одоохондоо Оскартай дүйх ач холбгдолтой арга хэмжээ үгүй.

Энэ жилийн наадамд өрсөлдөж буй бүтээлүүдийн онцлог юу байна. Ямар бүтээлүүд хэр хол давхих бол ?

Ерөнхийдөө долоон кино их өнгөтэй оролцоно гэж бодож байна. Үүнд хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн  “Everything Everywhere All at Once” кино нэлээн сайн давхих болов уу. Ердөө 25 орчим сая долларын бүтсэн уг киноны ашиг хэдийн 100 саяыг давж Холливуудынхан ч өөрсдөө гайхшаа барж байгаа сурагтай. Хачирхалтай мэдрэмж төрүүлдэг, зарим хүмүүст бүр хэт ойлгомжгүй гэж “гологдож” байгаа уг бүтээлийг шинэ үеийнхэн харин тун сайн ойлгож хүлээж авч байгаа юм билээ. Гэр бүл салалтын сүүдэр, эцэг эх хүүхдийн харилцаа, нарциссизм гээд Z үеийнхэнд тохиолддог сэтгэлзүйн асуудлуудыг өвөрмөцөөр хөндөж үзэгчдийн бүхэл бүтэн нэг үеийг дагуулж чадсан нь тэдний гол амжилт. Нийгмийн шилжилтээс гадна үзэгчдийн хувьд ч өөр үе гарч ирсэн, уран бүтээлчид үүнд зохицох шаардлагатай болсон гэдгийг энэ кино харуулаад байгаа юм.

Үүний араас есөн номинацид нэр дэвшсэн “All Quiet on the Western Front” болон “The Banshees of Inisherin” кино анхаарал татсан. Эдгээр бүтээлүүд Украины дайнаас эхлээд улс үндэстнүүдийн үл ойлголцол, дэлхий дахины тогтворгүй байдлыг кино урлагаар дамжуулан шүүмжилж буй хэлбэр гэж харж байгаа. 

“Elvis”,  “Tár”, “Blonde” гээд намтарчилсан сайн кинонууд ч байна. Мэдээж кассын орлогоороо тэргүүлж, дэлхий дахиныг шуугиулсан “Top Gun: Maverick” болон “Avatar: The Way of Water” нэр дэвшиж буй төрөлдөө чамгүй амжилт үзүүлэх байх. “The Fabelmans”-ийг найруулсан Стивен Спилберг зангарагаа харуулж, “Pinocchio”-ийн түүхийг шинээр өгүүлсэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоороо Гильермо Дель Торо ч ганзага хоосон буцахгүй болов уу.

Кино урлагийн түүхэнд онцгой гэхээр тэсрэлтийн жилүүд байдаг. 2023 оны Оскарт өрсөлдөж буй бүтээлүүд тийм байж чадах уу ?

1982-2000 он хүртэл Оскарын сэргэн мандалтын жил байсан. Түүн дотроос 1990-2000-аад он бол бүр онцгой. Энэ 10 жилд гарсан Ghost, The Silence of the Lambs, Terminator 2, Schindler’s List, Forrest Gump, Shawshank Redemption, The Bridge of Madison County, Fargo, Shine, Apollo 13, Titanic, Good Will Hunting, Jurassic Park, Shakespeare in Love, Life is Beautiful, Saving Private Ryan, What Dreams May Come, The Truman Show, Sixth Sense, The Green Mile зэрэг маш олон бүтээлийг дурдахгүй байхын аргагүй.    

Хамгийн том жишээ бол “Matrix”. Тухайн үеийн залуус энэ бүтээлийг адал явдалтай, график дүрслэлийн хувьд гайхалтайд нь болж үздэг байлаа. Гэтэл буддын шашны лам нар Матриксийг хоосон чанарын тухай өгүүлсэн тун сайн кино гэж үнэлдэг. Энэ мэтчилэн оюун санааны тэсрэлт авчирсан олон кино энэ жилүүдэд бүтээгдсэн. Гэтэл 2010 оноос эхлээд Оскарын рейтинг илт унаж эхэлсэн, өрсөлдөөн багатай, сэдэв дүрслэлийн хувьд гойд бус. Харин энэ жилээс эхлээд тун ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Хамгийн сонирхолтой нь өөр өөр жанрын тэгээд нас насныханд таашаагдах бүтээлүүд шилдгийн төлөө өрсөлдөх нь. Оны шилдэг кинонд л гэхэд 10 кино нэр дэвшиж байна шүү дээ.

Гол болон туслах дүрийн шагнал үзэгчдийн сонирхлыг их татдаг шүү дээ.

Сүүлийн жилүүдэд төдийлөн амжилттай дүр бүтээгээгүй, бараг мартагдах шахаад байсан Брендан Фрайзер (The Whale), Колин Фарелл (The Banshees of Inisherin) нар “Шилдэг эрэгтэй гол дүр”-д өрсөлдөж кино урлагт эргэн ирж буйгаа харуулаад байгаа. Тэдний хооронд гол өрсөлдөөн өрнөх байх. Гэтэл Элвис Перслийн дүрийг бүтээсэн Аустин Батлер ч энэ хоёроос дутахгүй том өрсөлдөгч.

Эмэгтэй гол дүрийн хувьд жүжигчин Мишель Йео (Everything Everywhere All at Once) энэ Оскарын өмнө үнэхээр үнэмлэхүй амжилт үзүүлж 90 гаруй том жижиг наадмаас шагнал хүртчихээд байна. Гэтэл түүнтэй Кейт Бланшет (Tár), Ана де Армaс (Blonde) өрсөлдөж байна гээд бодохоор гол дүрийн шалгаруулалт үнэхээр гал гарсан өрсөлдөөн дунд өрнөх нь. Туслах дүрүүдийн хувьд л гэхэд Анжела Бассет (Black Panther: Wakanda Forever), Жэми Ли Куртис (Everything Everywhere All at Once), Hong Chau (The Whale) нарын хэн нь ч шагнал хүртэж болохуйц. Эрэгтэй туслах дүрийн хувьд Кей Хуй Чуан (Everything Everywhere All at Once), Брэндон Глийсон (The Banshees of Inisherin) нарын аль нэг нь авч мэдэхээр. Ер нь л ширүүн өрсөлдөөнтэй жил болно.

Оскарын наадмыг нэгэн үе “хэт цагаан” эсвэл “ дэндүү хар” хэмээн шүүмжилдэг байсан. Сүүлийн 3 жилийн наадмаас харахад Ази тал руугаа чиглээд байх шиг?

Лүпита Нёонгогийн тоглосон “12 Years a Slave” киноноос хойш арав гаруй жил харуудын тухай сэдэв анхаарлын төвд байсан тал бий. Тухайлбал “Fences”, “Moonlight”, “If Beale Street Could Talk”, “Get Out”, “BlacKkKlansman”, “Greenbook”, “Judas and the Black Messiah”, “Black Panther” тэргүүтэй кинонууд маш өндөр үзэлттэй байсан. 2020 онд Бон Жүн-О найруулагчийн “Parasite” кино “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрлөөс даваад Оскарын наадмын дөрвөн гол шагнал бүр “Шилдэг кино” номинацид ч тэргүүлснээс хойш Азиудын эрин үе эхэлсэн гэж болно. “Parasite”-ийн амжилтын талаар янз бүрийн таамаг ярианууд байдаг ч Холливууд жаахан цус сэлбэх гэсэн оролдлого гэж хардаг. Яагаад гэвэл 2010 оноос хойш Оскарын үзэгчдийн тоо жилээс жилд тогтмол буурсан үзүүлэлттэй. Үүнд юу нөлөөлсөн бэ гэвэл нэгдүгээрт киноны чанар тааруу, хоёрдугаарт хэтэрхий их улстөрийн зорилготой бүтээлд Оскарын тэргүүн шагнал өгдөг гэх шүүмжлэл дагалдах болсон.

Нөгөөтэйгүүр Америкийн нийгмийн бүтцийг аваад үзэхээр яалт ч үгүй Азиуд давамайлаад эхэлсэн. “Parasite”-аас хойш юу болов? Ли Исаак Чүн “Minari”-гаар, Клое Жао “Nomadland”-аар, Дерек Цан “Better Days”, Рюсүкэ Хамагучи “Drive My Car”-аараа, зураглаач Дариус Хонжи “Bardo, False Chronicle of a Handful of Truths” энэ жилийн Оскарын наадамд Даниэль Кван “Everything Everywhere All at Once” киногоороо маш хүчтэй түрж орж ирж байна.  Нийгмийн суурь өөрчлөлт явагдаж байгаа нь кино урлагт хүчтэй нөлөөлж байгаа хэрэг.

Цар тахлын хөл хорионд өнгөрүүлсэн хоёр гурван жил уран бүтээлчдийн хувьд эрэл хайгуулын үе байсан гэдэг. Үүний тусгал энэ жилийн Оскарт нэр дэвшсэн бүтээлүүдэд ажиглагдаж байна уу?

Үнэхээр тийм. Ковидын жилүүдэд санхүүгийн хувьд гүн хямралд орсон кино бүтээгчид ямар үрэлгэн байснаа олж харсан гэдэг. Саяхан нэг сэтгүүл уншиж байхад Холливудийн продюсерууд өмнө нь ямар тансаг, ач холбогдол багатай сэдэвт киноны төсвийг хайр гамгүй зарцуулдаг, үрэлгэн байснаа олж харсан тухай өгүүлсэн байна билээ. Хоёрдугаарт цар тахлын үеэс хойш кинотеатр оршин тогтнох уу үгүй юу гэдэг дээрээ тулсан шүү дээ. Театрын оронд онлайн платформ, OTT үйлчилгээний эрин үе цэцэглэсэн. Нэг ангит киногоор ашиг олох уу, олон ангит кино байх уу, цаашдын ирээдүй нь кинотеатр байх уу, онлайн платформууд байх уу гэдэг дээрээ тулаад ирүүт бүгд туулж өнгөрүүлснээ эргэж харсан. Ингээд ерөөсөө амьдралын энгийн зүйлс, агуулга чухал юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Мэдээж эрэлт хэрэгцээ байгаа тул гял цал, элдэв графиктай кино бол тусдаа хийгдэх ёстой. Тэгээд DC, Marvel-ийн комикс сэдэвт кинонууд нэг талдаа багтаад нөгөө талд бүр энгийн индепендент бүтээлүүд хийгдэх болж.

Энэ жилийн Оскарын бас нэг онцлог гэвэл америкчуудын домог Элвис Пресли болон Мэрилин Монрогийн тухай намтарчилсан хоёр кино тун хүчтэй өрсөлдөж байгаа. Том гүрнүүд өөрсдийн гэсэн үнэт зүйлсээ тунхаглах, дараагийн үедээ туулж өнгөрүүлсэн түүхээ сануулах нэг арга нь энэ намтарчилсан кино. Өөрөөр хэлбэл киногоор түүхээ засаж, нийгмийн дахин дүрслэл хийдэг онцлогтой. Гэтэл манайх хуучны кинонуудаа гаргасаар, эсвэл түүхэн хүмүүсээ хэт өө сэвгүй, гэгээн сайхнаар дүрслэн үзүүлсээр байтал Монголын нийгмийн үе хооронд үзэл бодлын асар том ангал үүссэн нь Орос, Украины дайны асуудал дээр хүмүүс хэрхэн талцаж байгаагаас тодорхой харагдсан . Тэгэхээр кино урлагаар дамжуулан нийгмийн дахин дүрслэл хийхгүй бол өмнө түүх маань бүдгэрч алсрах нь. Намтарчилсан киноны гол ач холбогдол нь үүндээ байгаа юм. Түүнээс “За одоо нэг аятайхан дуучныхаа тухай гоё хөрөг кино хийгээдхэе” гэж гэнэн сэтгэлээр ханддаггүй.

Монголын үзэгчид Оскарын наадмын уур амьсгалыг дэргэдээс нь шахуу мэдэрдэг болоод хэдэн жил боллоо. Энэ жилийн тухайд Боловсрол телевиз шууд дамжуулах эрхийг эзэмшиж байна. Та бүхэн хэрхэн бэлтгэж байна вэ?

Америкийн Медиагийн дөрвөн том наадмаас бид нэгдүгээр сард хөгжмийн том наадмынх нь нэг “Грэмми” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулсан. Одоо киноны том наадмынх нь төлөөлөл болох “Оскар”-ын наадмыг шууд дамжуулах бэлтгэлээ базааж байна. Урьд жилүүдэд өөр телевизүүд шууд дамжуулж үзүүлж байсан ч Боловсрол телевиз тэднээс ялгаатай нь энэ жил хэлбэр гэхээсээ илүү агуулга дээрээ төвлөрч ажиллахаар төлөвлөөд байна. Оскар бол зөвхөн улаан хивс, тансаг гоёлтой ёслол бус үзэгчдэд маш сайн мэдээлэл өгөх ёстой. Тэр ч үүднээс гадны кино судлаач, блоггеруудын санаа бодол, таамаглалыг ажиглаж судалж олон өнцөгөөс сайн мэдээлэл хүргэхийг зорьж байна. Боловсрол сувгийн хувьд Монгол орон даяар шууд дамжуулахаас гадна Moviebox төрөлжсөн сувгаар давхар кино сонирхогчдодоо хүргэх юм.

А.Миеэгомбо: Оскарын шууд дамжуулалтыг хөтлөхсөн гэх мөрөөдөл минь 9 жилийн дараа биеллээ оллоо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан