2015 онд анх Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ачаалал, түгжрэлийг бууруулах зорилготой “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталж, 2019 оны зургадугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталсан байдаг.
Гэвч энэ нь дүрэм, журам сахиулах гэхээсээ илүү автомашин ачилтын компаниудын ашиг хонжооны хэрэгсэл болсон. Улмаар машин ачилтын компанийн ажилтан болон иргэдийн хооронд үл ойлголцол үүссээр байна. Тиймээс дээрх журмыг өөрчлөх ажлын хэсэг өнгөрсөн долоодугаар сард байгуулагдсан юм. Гэвч Тээврийн хэрэгслийг түр саатуулахтай холбоотой журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн саналыг ХЗДХЯ хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоос тодрууллаа.
-Өнгөрсөн оны долоодугаар сард Тээврийн хэрэгслийг түр саатуулахтай холбоотой журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч өнөө хэр нь дээрх журам шинэчлэгдэхгүй байгаа нь ямар шалтгаантай вэ. Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд та хариулт өгөхгүй юу?
-Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг ачиж, журамлах асуудал иргэдийн дунд маш их үл ойлголцол үүсгээд байна. Тиймээс одоо хэрэгжиж байгаа журмыг нь өөрчлөх санал гаргаад, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт хамаарал бүхий төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан. Улмаар нийслэлийн автозамын газартай гэрээ байгуулсан компаниудтай болон иргэдтэй уулзаж, санал авсан. Автомашин ачилттай холбоотой асуудал нь ХЗДХ-ийн сайдын 2019 онд баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-аар зохицуулагддаг. Энэ журмын есдүгээр бүлэгт авто тээвэр зөөж, шилжүүлэх хэсэг гэж бий. Энэ хэсэгт хэд, хэдэн өөрчлөлт оруулах саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус яамнаас журмын зарим хэсэг нь хуульд нийцэхгүй байна гэх хариултыг өнгөрсөн хоёрдугаар сард ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөө хэр нь асуудал дорвитой өөрчлөгдөөгүй байна.
-ХЗДХЯ-нд ямар, ямар санал хүргүүлсэн тухайгаа дэлгэрүүлбэл?
-Ажлын хэсэг хэд, хэдэн асуудал хүргүүлсэн. Нэгдүгээрт, төлбөрийн асуудлыг цэгцлэх шаардлагатай. Түүнчлэн машин ачиж байгаа орлогынхоо 30 хувийг нийслэлийн автозамын сан руу төвлөрүүлэх шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ саналыг хуульд нийцэхгүй байна гээд буцаасан. Мөн хаанаас хаа хүртэл ачсанаас болон автомашины загвараас хамааран төлбөрийг уян хатан зохицуулах шаардлагатай гэж үзсэн. Нэгдүгээр эгнээнд байршиж байгаа автомашиныг ачихын өмнө торгууль ногдуулах ёстой. Торгосны дараа гар утсан дээр нь зурвас илгээх эсвэл гар утас руу нь залгаж мэдэгдэх учиртай. Автомашиныг ачиж байхад эзэн нь гараад ирсэн тохиолдолд машиныг эзэнд нь өгөөд явуулах санал хүргүүлсэн. Гэсэн ч эдгээр саналыг боломжгүй гээд буцаасан.
-Ажлын хэсэг ачилтын компаниудын саналыг авсан гэлээ. Тэдний зүгээс ямар санал гаргасан бэ?
-Ачилтын компаниуд төлбөрийн асуудал ярьдаг. Мөн ажиллах хүчний асуудал тэнд тулгамддаг. Ачилтын хөлсийг бодитой тооцоорой гэдэг санал хэлсэн. Ачилтын төлбөр 60 мянган төгрөг байдаг. Тэгэхээр хол, ойроос болон автомашины загвар, элэгдэл зэргээс хамаарч үнийг нь тогтоох санал гаргаж байсан.
-Ажлын хэсгийн гаргасан бусад саналуудаас дурдахгүй юу?
-Цагийн хязгаарыг зохицуулах санал гаргасан. Тухайлбал, ажил эхлэх цаг буюу өглөөний 08.00-09.00 цагийн хооронд зарим зам талбайд автомашин тавихыг хориглоно. Харин 09.00-12.00 цагийн үед зарим автозамын нэгдүгээр эгнээнд 5-10 минут зогсож болохоор зохицуулалт хийж болно гэдгийг ажлын хэсэг дээрээ ярьсан. Гэхдээ заримыг нь эргүүлэн татсан.
-Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийн жолоочийг хууль, дүрэм зөрчсөн гэж үзээд, автомашиныг ачдаг асуудлыг иргэд шүүмжилдэг. Энэ талаар үргэлжлүүлэн ярилцлъя?
-Тээврийн цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ хангалтгүй байдаг. Тиймээс орон тоог нь болон цалин, хангамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүн хүч хангалтгүй байгаа учир жолооч нарыг дүрэм зөрчиж байгаа эсэхийг тээврийн цагдаагийн албан дээр байдаг операторууд дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, ачилтын компанийн ажилчид газар дээр нь очиж зураг аваад, операторууд руу мэдэгддэг. Тэд торгууль ногдуулах эрх бүхий алба хаагч. Тэдэнд мэдэгдэхгүйгээр ачилт хийгддэггүй.
-Ачилтын компанид тусгай зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөх шаардлагатай болохыг олон нийт уриалаад буй. Энэ тал дээр ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ?
-Одоогийн байдлаар тээврийн хэрэгсэл ачилтын 12 компани гэрээ байгуулсан. Тэдгээр компаниудад тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн ачих, алба хаагчид ёс зүйтэй, хэд хэдэн шалгуур хангасан байх хэрэгтэй зэрэг шаардлага тавьдаг. Түүнчлэн талбайтай, техниктэй байх хэрэгтэй зэрэг ерөнхий шаардлага байдаг байх. Ажлын хэсгийн зүгээс ачилтын компанид, хийснээрээ цалинжина гэдгийг нь өөрөө буруу хөшүүргэ.