УИХ дахь АН-ын бүлэг 2023 оны төсвийг батлах санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдээд байна. Үүний шалтгаанаа тайлбарлаж, АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "11 дүгээр сард ирэх оны төсөв, мөнгөний бодлого батлагддаг. АН-ын бүлгийн зүгээс анхнаасаа төсвийг эсэргүүцсэн. Иргэд ядуурч байна, улсын өр нэмэгдэж дампуурах ирмэг дээр ирээд байна. Улсын төсвийн алдагдал өндөр байх тусам иргэд цаашлаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд мөнгө очихгүй нь. АЛдагдал гэдэг чинь өр, зээлээр санхүүждэг зүйл. Энэ удаагийн төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж олон хуулиа батлаад явна. Эрх баригчид зурагтаар ард түмний амьдрал сайхан байгаа, "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжиж, улсаараа удахгүй сайхан болно гэж ярьдаг. Харин хоосон хөргөгч бол ард иргэдийн бодит байдал. Ажилгүйдэл нэмэгдсэн, орлого хомстсон, зардал өссөн. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж үздэг байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болоод байна. Монгол Улс 2023 онд дампуурах бодит эрсдэлтэй гэсээр байхад ийм өндөр хэмжээний алдагдалтай төсөв баталж байгааг бид эсэргүүцэж байна. Эрх баригчдын төсөв санхүү, эдийн засгийн бодлого буруудаж, улсаа дампууруулж, иргэдээ ядууралд хөтөлж байна. Энэ бодлогоо зогсоож, өөрчлөхийг АН-ын бүлэг шаардаж байна. Амлалт, ажлын зөрүү их байна. Он гарангуут тодотголын тухай яригдаж эхлэх нь" гэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлгийн зүгээс төсвөө алдагдалгүй батлахыг шаардаж байгаа. Учир нь ингээд алдагдалтай баталчихвал ирэх онд гадаад өр төлөх боломжгүй болно. Инфляц, үнийн өсөлт өндөр болно. Төгрөгийн ханг суларна. Үүнийгээ дагаад бизнесүүд хумигдаж, татвар хураамж ч мөн багасгах нь. Төсвийн орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихлөө. Ирэх жил 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл өчигдөр, уржигдраас хил хаагдаж, экспорт багасаад эхэллээ. Энэ мэт эрсдэлээ тоох хэрэгтэй. Маш их хэмнэж байна гэж байгаа ч 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал 480 тэрбумаар нэмэгдсэн байна. Хэмнэлт хаана байна. Мөн томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгджээ. 2.7 тэрбумын хөрөнгө оруулалт гээд нийт урсгал зардал 15 их наядаар хэмжигдэж түүхэнд байгаагүй их зардал".