Шотландын Балморал шилтгээнд таалал төгссөн хатан хаан II Элизабетийн шарилыг Шотландын нийслэл Эдинбург хот дахь Холирууд шилтгээнд авчирлаа.
Зургаан цаг үргэлжилсэн аян замын туршид шарилын цуваа замын хоёр талаар эгнэн зогссон олон мянган хүний дундуур өнгөрөхөд иргэд цэцэг өргөж, чангаар алга ташиж байсан юм.
Өнөөдөр Эдинбургийн Гэгээн Хилс сүмд шарилыг байршуулан хааны гэр бүлийн гишүүдийг оролцуулсан ёслол болно.
Хатан хааны шарилыг мягмар гарагт Лондонд авчирч Вестминстерийн танхимд байршуулах бөгөөд дэлхийн удирдагчид хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирнэ. 96 насандаа таалал төгссөн хатан хаан II Элизабетийг албан ёсоор үдэж, оршуулах ёслол 9 дүгээр сарын 19-нд болно.
Сүүлийн хоёр жилийн турш хамтдаа олон нийтийн өмнө ил гараагүй хунтайж Уильям, ханхүү Харри гэргий нарынхаа хамтаар Виндсорын ордны гадна гарч цугласан олонтой уулзаж, гар барин хатан хаанд зориулж иргэдийн тавьсан ил захидал, сэтгэлийн үгийг уншсан юм.
Уильямийн хувьд эцгийгээ хаанд өргөмжлөгдсөний дараа өмнөх хэргэм болох Уэльсийн хунтайж цолыг нь авсан. Харин Уильямийн гэргий Кейт Миддлтон Диана гүнжийн эзэмшдэг байсан Уэльсийн гүнж цолыг авсан юм.
Өнгөрөгч бямба гарагт Чарльзыг хаан ширээнд нь залах албан ёсны ёслол Лондон хотын Гэгээн Жэймсийн ордонд болж өнгөрлөө.
Ёслолд Гордон Браун, Дэвид Камерон, Тони Блэр, Тереза Мэй гэх зэрэг Их Британийн зургаан экс ерөнхий сайд тэргүүн эгнээнд зогсон оролцсон юм.