Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилдээ 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөж байгаа

Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна.

2021 онд анх удаа нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтын ажилд авто замын түгжрэлийг бууруулахаар заажээ. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа.

Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 88 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж. Нийт 390 тэрбум орчим төгрөгийг газар чөлөөлөлтийн нөхөн олговорт өгнө. Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөжээ.

Хоёрдугаарт парк шинэчлэлтийн хүрээнд энэ жилдээ 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөжээ. Одоогоор 106 чиглэлд 1,000 хүрэхгүй автобус зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нэмж 1,430 автобус шаардлагатай байгаа. Үүнээс 1,130 автобусыг 2020-2024 онд шинэчлэх тооцоотой байгаа. Үүний урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хоёр давхар автобус болон, сургуулийн автобус гээд 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобус 11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд 600 орчим автобус шинэчилнэ.

Гурав дахь асуудал нь 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай байсан.

Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд байгаа. Энэ жил 32 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хийсэн. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэл 20 хувиар буурна гэсэн судалгаанд үндэслэж энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлжээ.

Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг дээрх гурван төрлийн ажилд зарцуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна. Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгаж газар чөлөөлөх ажил ч үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд 188 байршилд 4,860 гарааш буулгахаас 3,621 гараашийг буулгажээ. 376 байршилд 20.2 км хашаа хайс буулгахаар төлөвлөснөөс 198 байршилд 9.5 км хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байгаа бөгөөд энэ ажилд 31 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан