Автомашин гэдэг хүн бүрийн байнгын хэрэглээ болжээ. Хэрвээ та машингүй болчихвол гээд өөрийгөө төсөөлөөд нэг үз дээ. Ажил амжихгүй уур хүрээд л…Гэхдээ хүн бүрийн унах унаа, сонголт өөр. Бүсгүйчүүд улаан өнгийн жижигхэн машиныг илүүд үзэж байхад эрчүүд техник, технологио дагаад хурд хүчний гайхамшгийг л эзэмшихийг хүс ч унаж буй машинаа жил ирэх тусам сайжруулахыг хичээдэг. Тэгвэл таныг ямар машин унаж болохыг төрсөн ордны төөрөг тань хэлээд өгдөг гэнэ шүү.
Хэрвээ чи аюулгүй бас тухтай аян замд явья гэж хүсч л байгаа бол өөрийнхөө зан араншинг харгалзан үзэж байж машинаа сонгоорой. Од гаригс таныг “хүүе энэ ямар гоё машин бэ. Би яг л иймийг хүсч байна” гэж сонголт хийхийг урьтал болголгүй “би ямар хүн бэ” гэдгээ эхлээд бод хэмээн зөвлөж байна. Алтан шар зам тань өлзийтэй байг.
Хонины орд /03.21-04.20/
Тэдний хувьд автомашин гэдэг хурд бас хөдөлгөөн. Түүний машиныг хажуугаар нь зөрөх хүн бүр анзаарч хараасай гэсэн хүсэл бас хурдтай давхихыг хүсдэг төрөлхийн зан араншин байдаг. Тиймээс хагас спорт загварын улаан эсвэл нимбэгний шаргал өнгөтэй машин тэдэнд илүү тохирдог гэнэ шүү. Ийм машин таны төмөр хүлгээ гайхуулах гэсэн амбицыг шууд л илэрхийлэх учраас сонголтоо хийхдээ өнгөө мартав аа. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүй найдвартай байх ёстой шүү.
Үхрийн орд /04.21-05.20/
Тэд өөрийнх нь төмөр хүлэг ямар нэгэн түүх домог агуулаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл Элвисын улаан Кадиллакийг, Богдын бензийг ч гэж мөрөөдөж магадгүй хүмүүс. Өдөр тутмын ажилд унах машинаа авахдаа ч үүх түүхийг нь заавал асууж сураглаж байж сонголт хийдэг аж. Тиймээс тэдэнд машины эцэг болсон маркууд илүү тохирдог. Вольво, Бенз гэх зэргийг сонгох нь найдвартай бас тухтай байдлыг хангадаг гэдгийг од гаригс хэлж байна.
Ихрийн орд /05.21-06.21/
Тэдний автомашин нь зогсолтгүй хөдөлж байх ёстой гэнэ. Тиймээс хамгийн найдвартай машин л сонгох хэрэгтэй. Ихрүүд түүний машин холын ямар ч замд найдвартай хань нь байж тэднийг хаана ч орхихгүй байх ёстой гэсэн гол зарчмыг нэгдүгээрт тавьж сонголтоо хийх ёстой. Тэгэхээр суудлын автомашины хувьд мөнгөлөг болоод сувдан цагаан өнгөтэй классик загварын герман тэрэгнүүд илүү тохиромжтой гэнэ.
Мэлхийн орд /06.22-07.22/
Энэ ордныхон үргэлж ирээдүйдээ зориулж сонголтоо хийдэг. Тэд гэр бүлтэй, хүүхэдтэй болоогүй ч аль болох найдвартай бас олуулаа явах боломжтой, гэр бүлийн загвартай тэргийг илүүд үздэг байна. Мөн үргэлж бараан өнгийн машинд тэмүүлдэг аж.Тэгэхээр хэрвээ та шууд л микроавтобус авах гээгүй л юм бол сонгож буй машиныхаа дотоод салонд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулахад гэмгүй. Гэхдээ автомашинд хэт их мөнгө зарцуулах шаардлагагүй гэсэн таны төрөлхийн зан чинь чангаагаад байвал солонгос, япон тэрэг л сонгох нь дээ.
Арслангийн орд /07.23-08.22/
Хурц ааштай арслангууд тод өнгөтэй, гоёмсог тэргийг илүүд үздэг гэнэ шүү. Нарны алтан шар өнгөтэй, тансаг зэрэглэлийн бас цахилгаанаар ажилладаг автомашин танд илүү тохиромжтой аж. Арслангийн дүрмээр машины үнэ нь тохь тух зэрэглэлийг нь шууд тодорхойлдог. Тиймээс үнэтэй байх тусмаа тухтай гэж үздэг. Хэрвээ тэд Ауди, Мерседес сонгож чадахгүй бол Пежа, Хьюндэйг л сонгох нь. Гэхдээ мэдээж тэр бүр байдаггүй хурц өнгө л чухал гэдгийг мартав.
Охины орд /08.23-09.22/
Тэд бусдын машинд нүд унагах дуртай ч өөрсдөө тэр бүр үнэтэй машин сонирхоод байдаггүй. Хамгийн чухал нь машин дотроо ч тэр гаднаа ч тэр үргэлж гял цал өнгөлөг цэвэрхэн байх ёстой гэсэн дүрэмтэй гэнэ. Тэд хамгийн муухай цаг агаартай үед ч машинаа цэвэрхэн байлгахад анхаарал хандуулдаг.Гэхдээ автомашинаа сонгохдоо үндсэн хоёр зарчмыг баримталдаг. Найдвартай бас эвдрэлгүй байх. Тэгэхээр од гаригс таныг Япон болоод Герман машинд анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Жинлүүрийн орд /09.23-10.22/
Энэ ордныхон уран сайхны төгс мэдрэмжтэй учраас тэр л онцлогоо илэрхийлсэн сонголт хийдэг.Тэдний хувьд автомашин нь нэрийн хуудас нь, яг л гоё хувцас, сайхан үс нь гэсэн үг. Үнэтэй машин авах мөнгөгүй байлаа гэхэд сонгосон машинаа аажим аажмаар гоёж чимэглэх дуртай. Тэгэхээр жинлүүрийнхэн жижигхэн мөртлөө хурц өнгөтэй, давтагдашгүй загвартай машин сонговол таны төрсөн ордны зурлагад чинь тохирох нь.
Хилэнцийн орд /10.23-11.21/
Тэд бол өөрсдийгөө жинхэнэ удирдагч гэдгийг үргэлж мэдрэхийг хүсдэг. Тиймээс автомашин сонгохдоо кабриолет эсвэл спорт загварын феррари, хаммерт илүү нүд унагадаг. Үнэндээ бүсгүйчүүд нь хаммерыг илүүд үздэг бол эрчүүд нь феррарид мөнгөө зарцуулдаг аж. Тэгвэл од гаригс хилэнцийнхэнд “таныг тачаангуй харагдуулах автомашинаас илүү найдвартайг сонго. Та өөрийнхөө дотоод сэтгэлийг удирдаж сур” гэж зөвлөж байгаа аж. Сонголт тань тэгэхээр япон эсвэл герман машин байх хэрэгтэй болох нь.
Нумын орд /11.22-12.21/
Нумынханд машин бол ажил бүтээх л гол зүйл нь. Тэд машиныг зүгээр л хурдан явах гэж сонгодог.Тиймээс тэдний машин нь ажилд бас зуслан руу явахад тохиромжтой л байх хэрэгтэй. Нумынхан пикап буюу “ажлын морийг” л сонгохыг од гаригс хэлж байна. Суудлынх гэсэн төрөлд хамаарах учраас ажилдаа явчихна бас ачааных болчих учраас зуслан, байрны засварын үед гээд ашиглачихна.
Матрын орд / 12.22-01.19/
Энэ ордныхон өөрийнхөө машиныг аль болох чадал зиндааг нь илэрхийлээсэй гэж хүсдэг. Тиймээс тэдний сонголт ихэвчлэн жип байдаг. Өөрөөр хэлбэл том, тав тухтай бас ур нь гэр орныг санагдуулам байх хэрэгтэй гэж хүсдэг байна. Матрын ордны эмэгтэйчүүд өөрөө жолоо барихаасаа илүүтэйгээр бусдад шилжүүлэх дуртай. Тиймээс та өөрийнхөө тав тухыг бодвол том бас хурдтай найдвартайгаар нь энэ машинаа л сонго. Гэхдээ таны бэл бэнчин дутаад байвал Солонгос, Япон тэрэг сонирхоод үзээрэй.
Бумбын орд /01-20-02.18/
Тэд нямбай жолооч биш. Тиймээс та машинаа сонгохдоо бусдыг давхар бодож байж авах хэрэгтэй гэнэ шүү. Нэг бол маш үнэтэйг эсвэл техникийн аюулгүй ажиллагааг өндөр төвшинд хангасан тийм л машин бумбад тохиромжтой. Гэхдээ заавал гоё бас бусдад гайхуулах загвар байх хэрэгтэй гэнэ. Бумбынхан гоё гэсэн бүхнийг л авах хүсэлдээ хөтлөгдөн машинаараа дүүрэн хөглөрсөн зүйлс агуулж явдаг хүмүүс. Тиймээс хэрвээ та аюулгүй байдлаа бодож л байгаа бол тэр бүхнээсээ салах хэрэгтэй. Машин цэвэрхэн байх тусам замын хөдөлгөөнд аюулгүй оролцдог гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Загасны орд /02.19-03.20/
Тэд бол автомашины хувьд хамгийн эрсдэлтэй хүмүүс. Үргэлж тайван амгалан байдлыг эрхэмлэдэг учраас машин барина гэдэг тэдний хувьд бөөн стресс. Ер нь тэд жолооны ард суух дургүй. Тиймээс загасны ордныхон аль болох гар ажиллагаа багатай, робот удирдлагатай машин сонгох шаардлагатай аж. Мөн тэдний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой аж.