Монголын улс төрд “Айдсын менежмент” гэх тодотголтой технологи бий болсоор удлаа. Санжийн Баяр Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлсэн зорилт шиг бүр төгөлдөрших болов. Ихэвчлэн зорилготой, зохион байгуулалттай дуулиан шуугианы араас явуулна. Арга нь хуучирсан ч чамлахааргүй үр дүнтэй. Гэдэг нь тодорхой эрх ашгийн нэгдэл, улс төр, бизнесийн бүлэглэлд унацтай, нийгэмдээ асар хор урхагтай болохоор. Тэр бүхний сүүдэр нь хувийн хэвшил, тэдгээрийн босгож, бүтээсэн баялагт тусч, бас зориуд тусгана. Товчоор хувийн хэвшлээ боомилж, бизнесийг нь нийгэмчлэх нэрийн дор төрийн өмчийн компаниудаа данхайлгаж, түүгээр дамжин цөөн хэсэг нь хөлждөг аргачлал. Ийм нэгэн танил технологи ойрмогхон хоёр ч удаа давтагдлаа.
Эхнийх нь цемент. Импортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа барилгын материал нь урд хөршөөсөө хараат Монгол Улсад цементгүйн зовлон их байлаа. Ердөө л нэгэн арван хүрэхгүй хугацааны өмнөх дүр төрх юм. Гэхдээ монголчууд чадсан, ялангуяа хувийн хэвшлийнхэн. Тусгаар тогтносон улс л юм бол тэнд нь баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид байж л таарна.
Яг ийм зарчмаар “Хөтөл”-ийг хувьчилсан, хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ даагаад менежментийн шинэчлэл хийсэн. Араас нь “МАК”, “Монполимет” тэргүүтэй олон улсын стандартад нийцсэн хоёр ч үндэсний хэмжээний үйлдвэрлэлийг “өлгийдөв”. Атал Хөгжлийн банк тойрсон дуулианаар дулдуйдаж, “Хөтөл”-ийг буцаан авах Төрийн аварга машин тасралтгүй ажилласаар, эцэстээ хувийн хэвшлийнхээ бизнесийг нийгэмчилж амжив.
Энэ хооронд цементийн үнэ тэнгэрт хадаж, нийлүүлэлтээ хангаж чадахгүй хомсдолд орсон. Арга ядахдаа Шадар сайд С.Амарсайхан импортын цементийг татваргүй оруулж ирэх агуулга бүхий байр суурийг илэрхийлсэн нь өөрийгөө ч, Засгийн газраа ч хайчин галд оруулахад хүргэсэн юм. Гэтэл хувийн хэвшлээ залхаан цээрлүүлэх, бизнесийг булааж, дээрэмдэх мотор махны үйлдвэрүүдэд дахин “дуугарч” эхэллээ.
Тэгэх, тэгэхдээ нэгэн жарны турш нийт монголчуудыг мах, махан бүтээгдэхүүнээр хангасан үүх түүхтэй ууган үйлдвэрийн нэг “Мах импекс”-ийг онцгойлон онилов. Дахин тодотгоё, нэгэн жарны турш! Шалтгаан нь улстөрч эзэнтэй юм байх. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтийн шуугиан дэгдэхэд эхэлсэн эл үйл ажиллагаа өдгөө улам өргөжиж, улс төрийн агуулга, зорилготой болчихоод буйг энд тодотгох гээд байгаа хэрэг.
Хятадын хөрөнгө оруулалттай "ЭмДиСиПи" компанийн эзэмшлийн махны үйлдвэрт мэргэжлийн хяналтаас хийсэн шалгалтын үеэр “Мах импэкс” болон "ХКҮ"-ийн бүтээгдэхүүний шошго, барааны тэмдэг их хэмжээгээр олдсон тухай мэдээлэл гарч нийтийн анхаарлыг тийш хандуулсан. Нэр холбогдсон “Мах импекс”-ийн зүгээс ч "ЭмДиСиПи"-тэй ямар нэгэн гэрээгүй, харин ч компанийн шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хуурч байгаа талаар хуулийн байгууллагад хандсан байдаг.
Хачирхалтай нь, Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд тойрсон хардлага, шүүмжлэлийн хөлд хүнсний ууган үйлдвэрээ чирж, бүр нухчин дарахаар улайрч эхэлсний цаад шалтгаан юу вэ? Уг нь "ЭмДиСиПи" компанийнхан “Мах импекс”-ийн шошго, барааны тэмдгийг ямар шалтгаанаар яагаад их хэмжээгээр ашиглахаар зэхэж байсныг тодруулж, үнэн мөнийг тогтоох нь хуулийнхны, цагдаагийн байгууллагын үүрэг баймаар. Эсвэл улстөрч эзэнд нь хамаатуулж, хамааруулах гэж, ууган үйлдвэрээ дэвслэх бэлдсэн сценарийг хэрэгжүүлэх эх ундрага нь Эмээлтийн шуугиан байв уу? гэдэг нь эргэлзээ төрүүлэм биш гэж үү?! Улсын хөгжил, эдийн засгийн тэтэлт бүхэн үндэсний үйлдвэрүүдийн чадамж, технологийн дэвшлээс хамаарах учиртай.
Түүнээс ахицтай, урагштай яваа үндэсний үйлдвэрлэл болгоныг улстөрч эзэнтэй гэсэн шалтаг, шалтгаанаар хааж, боогоод, хорьж, шалгаад, хясан боогдуулаад байвал энэ улсад бизнес эрхлэгч олдохгүй жинхэнэ утгаараа АВТОРИТАРИЗМ руу нийтээрээ, нийгмээрээ алхахаас өөр сонголт бидэнд үлдэхгүй. Юун аж үйлдвэрийн хувьсгал, баялгийн сан, эдийн засгийн тусгаар тогтнол тэргүүтэй мөрөөдөл бүхэн замхарна. Ийм тогтолцоон дундуур үндэсний үйлдвэрлэл эрхлэх, баялаг бүтээх нэгэн лав олдохгүй. Мөрийтэй тоглоомчин л биш бол шүү дээ?!
Эцэст нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дайх үг байна. “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Энэ бол миний баримталж байгаа бодлого. Одоо бол Төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон” хэмээн Ерөнхий сайд байхдаа хэлсэн Таны үг энэ Төрийн үед бодит биеллээ олж эхэллээ!!!
О.Балдан-Очир