Үнэмлэхүй олонх болсон МАН 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахыг дэмжин баталсан ч өнөөдөр дахин өөрчлөлт оруулахаар зүтгүүлж байна.
Өмнөх өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон бол энэ удаад УИХ-ыг илүү сонгодог тал руу нь явуулахаар ярьж буй билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх халаагаа Л.Оюун-Эрдэнэд өгч, өөрөө Ерөнхийлөгч болсон.
Улс төрд мөнхийн найз үгүй гэгчээр тэдний эв түнжин удаан хугацаанд үргэлжлэхгүй нь. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс болоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр зам салжээ. Учир нь, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн улс төрд эргэж орж ирэхгүй гэсэн хуулийн төсөл явж байсан нь энэ хоёр хүнийг зам салахад хүргэсэн бас нэг шалтгаан болов.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөнийг Ерөнхийлөгч хийж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоо зарлахтай зэрэгцээд засгаас үндэсний үйлдвэрлэгчид рүү хяналт шалгалт оруулах болов. Төрийн албан хаагчдыг өөрсдийн зарц мэтээр үзэж ирсэн МАН хүн авахгүй байгаа нөөцийн махыг төрийн албан хаагчдад шахах шийдвэр гаргасан нь зүгээр ч нэг зохицуулалт биш байв. Үмхий махны хэргээр далимдуулж бүх үйлдвэрүүдэд шалгалт оруулж эхлэв. Сав баглаа боодлоос эхлээд гаднаас хэтэрхий хамааралтай үйлдвэрчдээ байнга ад үзэж, өсөн дэвжих боломжийг нь нь олгохын оронд шалгалт оруулж, торгууль тавьж, чангалж эхлэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хэлсэнчлэн “Төрийн өмчит компаниудад авлига, ялзрал гээд бүхий хар бараан зүйлс өрнөж байна. Мөн үүнээс гадна хувийн хэвшлийн ашигтай байгаа бизнес рүү дайрч орж байгаа нь утгагүй. Төр хэзээ ч иргэдийнхээ идэх хоол руу дайрах ёсгүй” юм.
Одоо хэр нь намдаа нөлөөтэй хэвээр байгаа Ерөнхийлөгчийг эргүүлж улс төрд ирүүлэхгүй гэсэн Ерөнхий сайдын санаархал эцэстээ үйлдвэрлэгчдийг дэмжих бус шалгахад хүргэв.
Эрх ашгаараа дотроо хуваагдсан, түүнийгээ хамгаалахын тулд дотроо чимээгүй зодолдож, тохиролцоогоор албан тушаалаа хуваарилсан МАН-ын хоёр лидер ийнхүү зам саллаа. Зам салахдаа шууд дайсагналцаагүй ч далдуур нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгэх ажлыг үйл ажиллагаа, үүрэг, даалгавар нь харуулаад байна.
Эрх мэдлийн төлөө М.Энхболдыг түлхэн унагаахдаа эрх мэдэл, албан тушаалд очихгүй гэж амласан ч хэлснийхээ эсрэг хийсэн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийг холдуулах сонирхол мэдээж байгаа. Хүсэвч хясна гэгчээр У.Хүрэлсүх харин тийм ч амар нөлөөгөө алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Үүний хөлд нь хөлөө олоогүй байгаа хүнс үйлдвэрлэгчид өртөж мэдэх нь. Уг нь хүнс үйлдвэрлэгчдээ хааж, боохоос илүүтэй дэмжиж, хамгаалж, хамтран ажиллаж, асуудлыг нь шийдэх боломжийг олгох ёстой атал шалгаж, шахаад эхэлсэн нь иргэдэд эрүүл хүнс хүргэхэд бус эрх мэдлийн төлөөх тулаан болон хувирлаа.