Монголын Улс төрд Х. Баттулгаас өөр хүн байхгүй болчихсон юм уу? Гэмээр л үйл явдлууд хөвөрч байна. Дөнгөж өчигдөр л гэхэд өнөөх хортой махыг эгч нь хадгалж, Баттулга ингэж гэж зааварлаж байсан гэх ухааны мэдээ мэдээллүүд гарч эхэллээ.
Мөнгөөр ард түмний мэдэх эрхийг худалддаг мэдээллийн хэрэгслүүдийн болгоомжгүй гарчиг, мэдээг нягталж үзвэл тэнэг хүн ч ойлгохоор, хэн ч хараад няцаалт хийж болохоор
- Нянгийн бохирдолтой мах ХКҮ компани эсвэл ЭМ ДИ СИ ПИ компанийнх уу гэдгийг тогтооно. Мөн ЭМ ДИ СИ ДИ компанийн байрнаас ХКҮ компаний логотой их хэмжээний мах олдсныг МХЕГ-аас лацдсан байгаа. Дээрх хоёр компанийн захирал удирдлагуудаас мэдүүлэг байцаалт авна.
- Бизнес эрхлэгч байсан Х. Баттулга тэнэг л биш бол хэзээ ч муу, асуудалтай махны савлагаан дээр компанийхаа шошгыг наачих гэхгүй нь тодорхой. Хятадуудтай нийлж монголчуудаа муу махаар хордуулах шунал нь сунтгандаа тулсан хүн Х. Баттулга лав биш байлтай.
Буруу бүхнийг нэг хүн рүү булах бачуу хар улс төрийн технологи төдий юм. Ажиглаваас эхлээд хэн нэгэн гаршсан сенсацлагч зохиолыг нь бичиж, мөнгөний хэвлэлүүдээр гөрдүүлээд, араас нь “...шалгалтын ажиллагаа явагдаж байна...” гэх агуулгатай мэдэгдэл хийлгэж, ард түмэнд итгэгдсэн Монголын цорын ганц улс төрчийн нэр хүндийг унагахаар улайрах хулгайн замаар хүчирхэгжсэн цөөхөн өрсөлдөгчдийнх нь л башир арга мэх төдий. 1991 онд С. Зоригийг ордны цонхоор морь харсан гэж улаан гүтгэсэн шиг л өсөхийн өлөн нь өтөлтлөө дарагдаагүй хөгшин авилгалчид гар хөлөөрөө дамжуулан Ардчиллыг амьтай авч үлдэх гэсэн Х. Баттулгыг бүх арга хэлбэрээр доройтуулах гэж оролдож байна. Бохир мах, буу зэвсэг, Путинч, хулгайч, худалч, наймаачин... Монгол хэлний үгсийн санд муу хүнийг заах бүх нэр, зүйрлэлийг ашиглан дайрах бололтой. Цогцос шиг хөшиж байсан ардчилсан намыг цогийг нь үлээгээд, голтой үлдээж, өрдөж өөд нь татах гэж хичээж байгаа сая сая монголчуудын итгэл найдвар болсон Х. Баттулга руу дайрах нь угтаа бүх ард түмний эсрэг өш зангидсан хэдхэн авилгалчдын сүүлчийн бархиралт гэмээр.