Эмээлт дэх махны үйлдвэрийн цаг үеийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
Мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.
Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий. Үүнээс гадаад руу 61 тэр дундаа Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа явуулдаггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.
Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй.
“МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДЛЫГ ДОТООДДОО ШИЙДНЭ”
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
- МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн.
"Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно.
Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ.
Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.