Засгийн газрын өнөөдрийн /2022-5-31/ хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгууллаа. Цаашид хүнсний аюулгүй байдал, хүний амь нас эрүүл мэнд, зам, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байх шаардлагатай байна. Хэдийгээр Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэсэн үг биш.
Тиймээс хууль хяналт, тагнуулын болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хяналт шалгалт явуулна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэж байх болно" гэлээ.