Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм. Энхийг сахиулагчдын өдрийг угтан өнөөдөр /2022.05.27/ “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” боллоо.
Энэ жил ийнхүү эмэгтэйчүүдийг онцолж байгаа нь эмэгтэйчүүдийн батлан хамгаалах салбарт оролцож буй үйл хэргийг алдаршуулах, дараа дараагийн залуусыг бэлтгэх, ойлголт, мэдээлэл түгээх, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох монгол эмэгтэйчүүдийн хувийг нэмэх зэрэг ач холбогдолтой байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлж, дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулан, энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирснийг батлан хамгаалахын салбарынхан онцолсон юм.