Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе” сэдвээр мэдээлэл хийж “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийх гэж буйгаа мэдэгдлээ.
Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Х.Нямбаатар болон Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж хуулийн төслийг өргөн барилаа гэж холбооны зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 5.1-дэх мал сүрэг төрийн хамгаалалтад байна, 7.1-д зааснаар соёлын өв төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчиж байна. Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьдын уралдаан болно. Сүүлийн хэдэн жил олон наадмыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдаан зохион байгуулсан. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болгож буй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байна. Үндэсний баяр наадам бол соёлын өв бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ өвөө хамгаалах үүрэг хүлээсэн. Өөрөө эрлийз морь уяж, уралдуулж байсан ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын гишүүн хүн УИХ-д Засгийн газрыг төлөөлж хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна. Иймд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2022 оны зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийхээ албан ёсоор зарлаж байна" хэмээн хэллээ.