“NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тус хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр "Дайныг эсэргүүцсэн NoWar иргэдийн жагсаал өнгөрсөн хугацаанд 11 удаа болсон. Ялалтын баярыг тэмдэглэдэг уламжлалт баяр мэтээр өчигдрийн үйл явдлыг зөвтгөж байна. Үнэндээ дайныг илт дэмжсэн агуулгатай жагсаал боллоо. Жишээлбэл, тухайн жагсаалд Путиний түрэмгийллийг илтгэж, илэрхийлж буй Z үсэгтэй туг, далбааг барьсныг бүгд харсан байх. Оросын нөлөөний гэж хэлж болохуйц сул дорой улс орнуудад л ийм зүйл зохион байгуулна шүү дээ. Энэ зүй зохисгүй үйл явцыг эсэргүүцэж, олон улсад нэр усаа залруулах үүднээс бүх нийтийн тайван жагсаалыг өрнүүлнэ. Ядаж иргэд, залуус нь дайныг дэмжээгүй гэдгээ илэрхийлнэ. Олон улсад шившгээ дэлгэж болохгүй ээ, монголчуудаа. Цаашид
2022 оны тавдугаар сарын 9-ний энэ өдрийг жил бүрийн дайны эсрэг өдөр болгон зарлаж байна. Өнөөдрөөс Засгийн газрын алдаатай үйлдлийг эсэргүүцэж жагсана.
Засгийн газар дайныг илэрхий дэмжсэн. Хамгийн тод илрэл нь өчигдрийн ОХУ-ын дайныг дэмжсэн жагсаалыг Засгийн газар, Батлан хамгаалах яам шууд оролцоотой зохион байгуулсан. Ялангуяа Путиний пропагандаг дэмжиж буй ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын үүрэг чиглэлээр ажиллаж байгаа нь харагдаж байна.Засгийн газар үнэхээр хоёр хөршийн дунд байдаг учраас дайнд түдгэлзэх санал өгдөг юм байж. Тэгвэл иргэд нь хэнээс ч айхгүй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлнэ. Бид Оросын дохио заавраар байдаггүй, эрх чөлөөний мэдрэмжтэй гэдгийг олон улсад ойлгуулж, хүргэхийн тулд үзэл бодлоо илэрхийлж байгаа юм" хэмээн ярьлаа.