"Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зэвсгийн тухай хууль зөрчих, Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.
Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй байх, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжуудыг нээх зорилготой юм гэж танилцууллаа.
10:13 2022/05/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас гадаад худалдааны эргэлтийг нэмэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд НҮБ-ын олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор хуулийн төслийг боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар байнгын хорооны хуралд танилцуулав.
Тус хэлэлцээрт нэгдсэнээр манай улсын жолооч нар Европын нутагт тээвэр хийх боломжийг бүрдэх аж.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох асуудал
- Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар