УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд 4,280.3 тэрбум төгрөг гэснийг 4,296.3 тэрбум төгрөг гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэн гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.