УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ. Энэ удаагийн төсвийн тодотголын онцлог нь төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, нэн тэргүүнд шаардлагатай бус 91 төсөл, хөтөлбөрийг зогсоох, энэ онд ашиглалтад орох боломжгүй 331 төслийн санхүүжүүлэлтийг түр зогсоох зэрэг нийт 415 тэрбум төгрөгийг хэмнэх юм.
Мөн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг нэгдсэн чуулганд оруулж байгаа бөгөөд 200 гаруй төрийн албан хаагчийг цомхотгох, Засаг дарга болон төрийн өмчийн компаниудын орлогч дарга нарыг цөөлөх, төрийн албан хаагчид төв суурин газарт том оврын автомашин унахгүй, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нийт 37 компанийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг нь хувьчлах зэрэг томоохон өөрчлөлтийг оруулж ирээд байна.