Эрчим хүчний салбарын компаниудын хувьчлалтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдөв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төсвийн дагалдах хуулиудад төрийн өмчийн хувьчлалын асуудал багтаж байгаа. Энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасъя гэсэн санал оруулсан. Ер нь бол олон нийтэд нээлттэй гэдэг гоё нэртэй. Иргэдийн амьдрал хүнд байхад яаж худалдаж авах вэ дээ. Тав хүртэлх хувийг нь нэг хүн авч болно.Тэгэхээр 34 хувийг зургаа, долоон гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр дээр авчихад нэг гэр бүлийнх болно. 20, 30 компанитай хүмүүс бол өөрийн зургаа, долоон компанийн төлөөллөө явуулаад л өөрийнх болгох юм байна. Дараа нь төрийн өмчийн ажилтанд хахууль өгөөд л захирлыг нь тавина. Ийм тохиолдол манай улсад байгаа. Ингээд тухайн компанийн мэдэлд эрчим хүчний компаниуд очно. Эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж байна гэдэг. Үнийг нь барьсан шүү дээ. Нөгөө талаар хувьчлал дотор хууль зөрчсөн зүйлүүд байна. Эх үүсвэр, дамжуулах шугамын асуудал байгаа юм. Дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Гэтэл явж л байгаа. Уг нь бол ажлын хэсэг дээр эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай асуудлыг хассан ч Байнгын хорооны хуралдаан дээр энэ санал унасан.
Сангийн сайд Б.Жавхлан "Гурван чиглэлээр төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруй хугацаанд судалгаа хийж байна. Засаглалыг сайжруулах үүднээс 66-аас доошгүй хувьд нь төр хяналт тавиад 34 хүртэлх хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр гаргах бүтцийн өөрчлөлт хийе гэж байгаа. Үүнийг дахин дахин ярих юм бол хэзээ ч бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй. Бүгд амжилттай болох нь эргэлзээтэй. Амжилтгүй боллоо ч гэсэн хувьцаат компани болох бэлтгэл ажил нь тухайн компанийг шалгалтад оруулж, юу нь болж, болохгүй байгааг ил болгодог. Гэхдээ ихэнх компанид амжилттай хувьцаат компани болно гэдэгт итгэлтэй байна. Эрчим хүчний салбарын хувьд Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас бусад эрчим хүчний компаниудыг хувьчилна" гэдгийг хэлэв