УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 10:30 цагт товлогдсон боловч ирц бүрдэхгүй байсаар сая 12:20 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг шалгах явцад дээрх нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан. Уг саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн билээ.
Тус дэд хороонд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүн харьяалагддаг. Н.Энхболд даргатай тус дэд хорооны гишүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг ажээ. Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхдээ нэг нэгээр нь оруулж, асуудлыг хэлэлцэх юм. Энэ дагуу Н.Алтанхуяг гишүүн хамгийн эхэнд дэд хорооны хуралдаанд оролцож байна.