Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022-4-26) хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцон 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссыг төсвөөс хасах тухай асуудлыг тусгасан талаар хэлэлцэв. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны төсвийг Сангийн яам дураараа хасаж, хууль зөрчиж байна. Үүнийг хасуулахгүй. УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалинг нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэдгийг Хөдөлмөр ниийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас лавлан асуув.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу. Аливаа хуулиар аль нэг салбар өөртөө давуу байдал үүсгэдэг явдлыг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна" хэмээн хариулав.