Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Жаргалантын ам, Нүхтийн аманд нэмж газар олгох асуудлыг хориглож, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.
Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн ч өнөөдөр тэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, харин ч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрсэн байна.