АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: 2022 оны төсвийг оруулж ирж байхад АН байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр үнэнд гүйцэгдэнэ гэгч болж байна. Дахин хэдэн удаа тодотгол оруулахыг мэдэхгүй. Гэхдээ УИХ, Засгийн газар хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ удаагийн төсвийн тодотголыг “ОХУ, Украины нөхцөл байдлын улмаас урьдчилан тооцоолоогүй хүндрэл авчирсан, БНХАУ-д цар тахал нэмэгдэж байна” гэсэн шалтгаар төсвөө тодотгосон байна. Ийм зүйл, заалт төсвийн тодотголд байхгүй. Хаа байсан ОХУ, Украины нөхцөл байдал вэ. Урд хөршид амьдрал хэвийн үргэлжилж байна. Яагаад хөрш орнууддаа айлчлаад, асуудлаа тохироод явж болдоггүй юм бэ. Хоёр хөрштэйгөө хэл амаа ололцож, гуравдагч хөрш орны бодлогыг зөв явуулбал гадна, дотнын сайхан нөхцөл бүрдэх боломжтой.
Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа ч хандлага нь буруу байна. Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн. Төсвийн тодотголоор дахин 33.9 их наяд болгож байна. Ямар ч үр дүн, хийх ажил байхгүйгээр долоон их наядаар нэмэгдэж байна. Үүнд Монголбанкны своп ороогүй. Монголбанк, Хятадтай юаниар своп хийсэн. Энэ нөхцөл байдалтай уялдаад, МАН-ын зургаан жил засаглах явцад өрийн асуудал маш хүнд болсон.
Гаднын хэвлэлээр дефольт болоход ойрхон байгаа талаар яриад буй. Хятадын хавхны өрөнд унаж, хүнд байдалд орох улс орны нэгээр Монгол Улс тодорчихоод байна. Энэ зөвлөмжийг гадна, дотнын улс орнууд өгч байна. АН-аас хэд хэдэн реформын шинж чанартай зүйл хийхийг тусгасан 10-аад зөвлөмжийг Ерөнхий сайдад өгнө.
Бүлэг дээр LRT төслийн талаар ярихад хотынхноос дуудаж авчрах санал гарсан. Ер нь хотын иргэдээс асуух ёстой. Иргэд хотын даргаа сонгодог байвал зүгээр гэсэн бодолтой байдаг. Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийлэхдээ эрчим хүчний эх үүсвэр болж байгаа юу, үгүй юу гэдгийг лавласан. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахад 500 сая ам.доллар хэрэгтэй юм билээ. АН-ын хийж хэрэгжүүлж байсан ажил хүнд хэцүү цаг үед аминд орж байна. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь, "Оюутолгой"-н гүний уурхайг хөдөлгөж чадсан байна. Гэтэл МАН зургаан жил засаг барихдаа Монголын ард түмэнд тустай зүйл хийж чадаагүй.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:Төсвийн тодотголд орсон цэцэрлэгийн асуудлыг бид дэмжиж байна. Бэлэн мөнгө тараах биш, ажлын байр нэмэгдүүлдэг, боломж олгодог төсөл, хөтөлбөрийг зуун хувь дэмжиж байна. Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнээр эцэг, эхчүүд ажилтай болно. Ойр зуур хэдэн хүн халснаар хэмнэлт гарахгүй. Гол хэмнэлтийг төрийн өмчийн компаниудад хийгээч ээ. Жилдээ 100 хүрэхгүй тэрбумын орлоготой, зарлага нь нэг их наяд байдаг. Тиймээс дорвитой хувьчил гэдэг байр суурийг хэлж буй.