УИХ-ын чуулганы Баасан гарагийн ээлжит нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимын санал гаргалаа. Тэрбээр “Төв талбайд жагссан залуус НӨАТ-ыг багасгах тухай шаардлага тавьсан. НӨАТ бол бүртгэлийн татвар. Аливаа худалдаа үйлчилгээг бүртгэх зорилготой. Гэвч энэ өнөөдөр зорилгоосоо хэтрээд, эдийн засаг хүндрэлтэй үед компаниуд ашиг орлого, эргэлтийн хөрөнгө бага байхад арван хувийн татвар авч байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч ялгаагүй. Тиймээс хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.
Өнөөдөр 130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын татварыг таван хувь болговол орлого буурна гэсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Учир нь НӨАТ-ыг таван хувь болговол үлдсэн 50 мянган ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ” гэлээ.