Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.18) нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Бүрэн эрхт Монгол Улсын ард иргэд ээ, өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсны 101 жилийн ойг тохиолдуулан генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэддээ Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Ардын хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг хадгалж, 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон ёслон тэмдэглэж байна.
Монгол цэргийн өдөр эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй тусгаар Монгол Улсын тугаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.
Дэлхийн түүх бол Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Монгол Улсын түүх бол монгол цэргийн түүх юм. Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх байдаг. Монголчууд эрт цагаас цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоотой байж газар нутаг, тусгаар тогтнолоо цэргийн хүчээр хамгаалсаар ирсэн. Тийм ч учраас Хүннүгийн үеэс аравт, суман буюу сум хошууны зохион байгуулалтад засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж зохион байгуулалтай болж ирсэн түүхтэй.
Монгол цэргийн ялгуусан ялалт, сүр хүч, сүлд хийморийг шүтэж, тэднийхээ алдар гавьяа, амжилт ололтоор үргэлж бахархаж ирсэн уламжлалтай ард түмэн. Ардын журамт цэргийн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Үндэсний ардчилсан хувьсгалын ялалт, Монголын Ардын хувьсгалт цэргийн 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд байгуулсан ялалт, Монгол цэргийн энх цагийн бүтээн байгуулалт, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэг, хүн төрөлхтний өмнө нүүрлэсэн цар тахлыг даван туулахад оруулсан үнэтэй хувь нэмэр нь нэгэн зуунаар өртөөлсөн Монгол Улсын Зэвсэгт хүчний алдар гавьяаны баялаг түүхийн тод илрэл юм. Өвөг дээдсийнхээ баатарлаг, дайчин замналын залгамж халаа болсон өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ, даян дэлхийн энхийн үйлсэд болон эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Монгол цэргийн буурал түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар улам бүр баяжуулсаар байна.
Эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх орноо хөгжүүлэх энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан цэрэг дайчдынхаа онцгой хувь нэмрийг Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлэн бахархан дээдэлдэг билээ” гэв. Төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга, мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн яруу алдар, цог золбоо, хийморь сүлд ямагт өндөрт мандан бадарч байхын ерөөл дэвшүүлсэн.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы танхимын индрээс Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Өдөр шөнө тэнцэж, урин дулаан цаг наашилж орчлонгийн нэгэн сайхан улиралтай золгох үед Улсын Их Хурлын хүндтэй индрээс мэндчилгээ дэвшүүлж буйдаа баяртай байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Үргэлжлүүлэн “Энэ жил бид анхны ардчилсан үндсэн хуулиа баталсны 30 жилийг ойг тэмдэглэж байгаа билээ. Эдүгээ, казак түмэн-бид уламжлал соёлоо тээн хадгалж авч үлдэн, эрх тэгш боломжоор хангагдсан, улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, эх орныхоо эд эс болон бахархалт түүх бүтээлцэж байна.
Өнгөрсөн жилийн баяраар энэхүү хүндэт индэр дээрээс цар тахлын амаргүй цаг үеийг бид туулж буй талаар дурдаж байсан цаг саяхан. Хүнд хэцүү үе ард хоцорч хүн зоны нуруу тэнийх сайхан цаг айсуй гэдэгт итгэлтэй байна. Бид удахгүй хэвийн амьдралдаа эргэн орно. Үүний тулд төр засгийнхаа бодлого шийдвэрийг ажил хэрэг болгоход дор бүрдээ хичээн зүтгэж, хувь нэмрээ оруулан хүндрэл бэрхшээлийг хурдан даван гарч, туурга тусгаар улсынхаа хөгжил цэцэглэлтэд эв-хамтаар зүтгэцгээе хэмээн уриалж байна. Олон үндэстэн ястны өлгий болсон нүүдэлчдийн гал голомт Бүрэн Эрхт, ардчилсан Монгол эх орны иргэддээ урин цаг ирсний бэлгэдэл-наурызын баярын мэнд дахин дэвшүүлж эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Улыс он болсын, ак мол болсын” хэмээн мэндчилсэн.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.
Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторнг, газар зохион байгуулалт, кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь талбар гэдгийг мэдээллийн эхэнд Б.Мөнхбаатар сайд дурдав.
Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хегжлийн бодлогын 3.6-д “Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана” гэж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.7-д “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ" гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.
Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл, боломжийг нэмэгүүлэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжyулан салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц болон бусад барилгын өмчлөгчдийн газрын эрхийг баталгаажyулах, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгyулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Энэ хүрээнд газрын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Газрын багц хуулиуд (Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төсөл), Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгы төслийг боловсруулж байгаа юм байна.
Хyyль, эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр газрын салбар дахь төлөвлөлтгүй газар олголт, давхардал арилж, газрын ашиглалт, хамгаалалт бүрэн хэрэгжих, улмаар газар зохион байгуулалт, хот байгуулалтын уялдааг хангах, газрын доройтол, газрын төлөв байдлын үзүүлэлтэд чанарын өөрчлөлт хийгдэх, иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэж, хүнд суртал, газрын маргаан буурах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгааг мэдээлэд дурдлаа.
Техник, технологи хөгжиж буй өнөө үед байрлалд суурилсан орон зайн тоон өгөгдөл, мэдээллийн ач холбогдол нэмэгдэж, түүнд тулгyурласан нэгдсэн системийг байгyулан нийтийн болон албан хэрэглээнд нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсэж байгааг сайд мэдээлэлдээ дурдаад “Орон зайн өгөгдлийн дэд бүтэц нь байгyуллагyудын чиг үүрэг, байрлалыг үл хамааран нэг удаа бүрдүүлсэн мэдээллийг төрөл бүрийн үйл ажиллагаанд олон удаа ашиглах, шинэчлэх боломжийг бий болгодог. Монгол Улс үндэсний орон зайн өгөгдлийг ашиглахад шаардлагатай цаг хугацаа, өртгийг бууруулах замаар шийдвэр гаргах, бодлого боловсруулах үйл явцыг илүү боловсронryй болгох боломжтой болсон төдийгүй төрийн дийлэнх байгyуллага орон зайн мэдээллийн талаарх ойлголттой, өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн ашиглаж эхэлсэн нь давуу талтай юм. Олон улсад орон зайн өгөгдөл, мэдээлэлд тулгyурлан улс орны бүтээн байryулалт, дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах зэрэг эдийн засаг, нийгмийн гол хүчин зүйлсийг урьдчилан тооцох, төлөвлөх үйл ажиллагааг нэгдсэн платформоор дамжyулан хэрэгжүүлж байна” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр газрын удирдлагын нэгдсэн цахим системийн талаар мэдээлэл өгсөн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь газрын харилцааны цогц үйл ажиллагаанд салбар бүрийн оролцоог хангасан нэгдсэн стандарт, арга зуйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан, өгөгдөл, дүн шинжилгээ хийх, боловсруулах, өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж, мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц аж.
Газрын удирдлагын цахим систем нь мониторингийн нэгдсэн систем, төлөвлөлтийн нэгдсэн систем, газрын биржийн цахим систем, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн систем, кадастрын нэгдсэн систем, хот байryулалтын кадастрын мэдээллийн систем, хаягийн мэдээллийн систем гэсэн дараах 7 системээс бүрдэх аж. Тодруулбал өгөдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх үндсэн цогц 7 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх геодезийн болон суурь судалгааны гэсэн 2 мэдээллийн сангаас бүрддэг байна. Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд оруулаад байна.
Б.Мөнхбаатар сайдын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл тус бүр 5 минутад багтаан асуулт асууж, үг хэлж болохоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, мэдээлэлтэй холбогдуулан үг хэллээ.
Засгийн газрын зүгээс Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Б.Мөнхбаатар сайд гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн. Энэ багц хуулийн төсөлд газартай холбоотой, газрын маргаантай холбоотой бүх асуудлыг цогцоор нь тусгасан гэж үзэж байгаагаа хэлсэн. С.Одонтуяа гишүүн иргэд газраа өмчилж авч чадаж буй эсэхийг тодруулсан бөгөөд Монгол Улсын нийт иргэдийн 19.8 хувь нь газар өмчилж авсан байдаг аж. Тодруулбал, 663.145. иргэн 68910.6 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ. Насанд хүрээгүй 390020 иргэн газраа өмчилж авсан, нийт газар өмчлөгсдийн 77.464 иргэн нь өмчийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, бусдад шилжүүлээд байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг газрын удирдлагын нэгдсэн цахим системийн талаар, төрийн өмчийн газрууд худалдаалагдсан, бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн байгаа асуудлыг хэрхэн шалган шийдвэрлэх талаар тодруулж, тайлбар хүссэний зэрэгцээ Улаанбаатар хот дахь орон сууцны хорооллуудын хашааг буулгах саналыг хэлсэн. Газрын удирдлагын нэгдсэн цахим системийг хийж, багагүй хугацаа зарцуулсан бөгөөд нэн тэргүүнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн байна. Дараа нь цахим системүүдээ нэвтрүүлж, үйл ажиллагаанд оруулах ажлыг хийж байгаа гэх мэдээллийг хариуцсан албан тушаалтан мэдээллээ. Газар олголтын систем дээр нэгдсэн төлөвлөлтийг байршуулах бөгөөд газар олголт үүн дээр тулгуурлан явагдах юм байна, ингэхдээ цахим системийн биржээр дамжиж дуудлага худалдаа болон төсөл, сонгон шалгаруулалтаар олгогдох аж. Олгогдож байгаа бүх газар кадастрын системд бүртгэгдэж, бүртгэлийн системд байгаа бүх газарт үнэлгээ хийж, татвар ногдуулна, үүн дээр үндэслэн татвар хураах ажил хийгддэг гэх мэдээллийг өгөв. Мөн хот байгуулалтын цахим системийн талаар болон мониторнгийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд ийнхүү асуулт асууж, үг хэлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.