Бүрэн эрхт Монгол Улсын ард иргэд ээ
Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсны 101 жилийн ойг тохиолдуулан генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэддээ Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Ардын хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг хадгалж, 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон ёслон тэмдэглэж байна.
Монгол цэргийн өдөр эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй тусгаар Монгол Улсын тугаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.
Дэлхийн түүх бол Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Монгол Улсын түүх бол монгол цэргийн түүх юм.
Монгол цэргийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх байдаг. Монголчууд эрт цагаас цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоотой байж газар нутаг, тусгаар тогтнолоо цэргийн хүчээр хамгаалсаар ирсэн. Тийм ч учраас Хүннүгийн үеэс аравт, суман буюу сум хошууны зохион байгуулалтад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж зохион байгуулалтай болж ирсэн түүхтэй.
Монгол цэргийн ялгуусан ялалт, сүр хүч, сүлд хийморийг шүтэж, тэднийхээ алдар гавьяа, амжилт ололтоор үргэлж бахархаж ирсэн уламжлалтай ард түмэн.
Ардын журамт цэргийн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Үндэсний ардчилсан хувьсгалын ялалт, Монголын Ардын хувьсгалт цэргийн 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд байгуулсан ялалт, Монгол цэргийн энх цагийн бүтээн байгуулалт, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэг, хүн төрөлхтний өмнө нүүрлэсэн цар тахлыг даван туулахад оруулсан үнэтэй хувь нэмэр нь нэгэн зуунаар өртөөлсөн Монгол Улсын Зэвсэгт хүчний алдар гавьяаны баялаг түүхийн тод илрэл юм.
Өвөг дээдсийнхээ баатарлаг, дайчин замналын залгамж халаа болсон өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ, даян дэлхийн энхийн үйлсэд болон эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Монгол цэргийн буурал түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар улам бүр баяжуулсаар байна.
Эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх орноо хөгжүүлэх энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан цэрэг дайчдынхаа онцгой хувь нэмрийг Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлэн бахархан дээдэлдэг билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн яруу алдар, цог золбоо, хийморь сүлд ямагт өндөрт мандан бадарч байх болтугай.